Сингапурт амьдарч буй монгол хүүхдүүдэд эх түүх, соёлоо таниулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-01 18:42:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Сингапур Улсад амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулсан “Mon Heritage” төслийн ээлжит өдөрлөг өнгөрсөн сарын сарын 31-нд боллоо.

Хилийн чанадад өсөн торниж буй монгол хүүхдүүдийг эх орныхоо соёл уламжлал, түүхийг танин мэдэх, угсаа, уламжлалаа дээдлэн хүндлэх хүсэл эрмэлзлэлтэй болгох зорилгоор Бүгд Найрамдах Сингапур Улсын Ли Куан Югийн Төрийн удирдлагын их сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Х.Саруул нар уг төслийг санаачлан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас дэмжин оролцов. Төслийн хүрээнд “Mon Hub” өргөө буюу монгол орчин бүрдүүлсэн өргөөнд монгол төдийгүй гадаад хүүхдүүдэд монгол соёл уламжлал, түүхийг хөгжөөнт тоглоомын аргаар танилцуулсан.

Монголын түүх соёл, уламжлалыг сурталчлахыг Элчин сайдын яамнаас үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдэд “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-өөр Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байсан юм.

Холбоотой мэдээ