Хүүхдийн эмнэлэг ирэх 10 дугаар сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 11:28:33

Орхон аймагт Хүүхдийн эмнэлэг барихаар барилгын шавийг нь тавилаа. Уг эмнэлэг БОЭТ-ийн залгаа буюу өргөтгөл байдлаар баригдана. Барилгыг Улаанбаатар хотын “Цомбон тоосго” ХХК барина.

Тавин ортой эл эмнэлэг нийт 2800 м.кв талбайтай, бүрэн цутгамал байх гэнэ. Барилгын ажилд улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх 10 дугаар сарын 30-нд орон нутагт хүлээлгэж өгөх  ажээ.

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Булган, Сэлэнгэ аймгийн иргэд үйлчлүүлдэг тул ачааллаа дийлдэггүй юм. Ялангуяа Хүүхдийн тасаг байнга ачаалалтай ажилладаг ажээ. Үүнийг шийдэхээр олон жил ярьсан боловч хөрөнгө, санхүүгийн байдлаас болж тодорхой шийдвэрт хүрэлгүй өдий хүрсэн. Анх 100 ортой эмнэлэг барина гэсэн боловч өнгөрсөн жил Эрүүл мэндийн яамнаас 50 ортой байхаар баталсан. Үүний дагуу энэ жил барилгын ажил эхэлж байна. Орхон аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасаг жилд 3000 хүүхдэд үйлчилдэг. Дөрвөн их эмч, 16 сувилагчтайгаар ажилладаг ч цаашид их эмч 4, сувилагчийн орон тоог 20-оор нэмэх хэрэгтэй гэнэ.

Дашрамд дурдахад, дээр дурдсан 4.2 тэрбум төгрөгийн 250 саяыг одоогийн Хүүхдийн тасгийн засварт зарцуулахаар ажлаа эхэлжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ