УИХ-ын сонгууль гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөх вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-22 14:32:55

НЬЮ-ЙОРК. /Nasdaq/. Илүү хөрөнгөтний сэтгэлгээтэй, зах зээлийг илүү дэмждэг талыг би сонгуульд баримталдаг. Чөлөөт зах зээлийн тогтолцооны сөрөг үзэгдлийг хүмүүс хэрхэн эргүүлж байгаа нь ямар ч хамаагүй бөгөөд хязгааргүй чөлөөт тогтолцоо, социализм болон дарангуйлан захирах дэглэмийн ариун журам эсвэл ганц өдөр л хэрэгжих ямар нэгэн нэр томьёог би хэзээ ч дэмжиж байгаагүй. Харин хөрөнгөтний тогтолцоо шиг хүн ардыг ядуурлаас гаргасан өөр ямар ч тогтолцоо байхгүй.

Гуравдугаар сарын дунд үед Монголд шөнөдөө Цельсийн-8 хэмийн хүйтэн байсан боловч ирэх зургадугаар сарын 29-нд сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор тус улсад амьдрал буцалж байна. Түүхий эдийн ханш унасны улмаас хүнд цохилтод ороод байгаа Монголын эдийн засгийн тухай тайлан, мэдээллийг уншиж, харж суугаа болон тус улсад хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн мэдэж байгаачлан хөгжиж буй орны хүндрэлтэй эдийн засагт хамгийн хэрэггүй зүйл бол улс төрийн саад тотгор, гэвч ийм зүйл Монголд байна. Би үүнийг хэзээ ч ойлгож байгаагүй. Та энэ бүхнийг тив бүрт, ялангуяа, угаасаа савалгаатай байдаг хөгжиж буй зах зээлд харна. Үндэснийхээ сайн сайхны төлөө хамтран ажиллахын оронд сөрөг хүчний намууд зүгээр, ямар ч шалтгаангүй эсэргүүцнэ. Энэ үзэгдэл Монголд байна.

Монголын эрх баригч Ардчилсан намыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улсынхаа төлөө сайхан зүйл, тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ татах хүсэлтэй байгаа нь харагдана. Хөгжиж байгаа зах зээл болгонд ГШХО хэрэгтэй бөгөөд илүү том эдийн засагтай БНХАУ-ын ивээлд дор байгаа Монгол нүүрс, зэсийнхээ 85 хувийг тус улс руу экспортолдог, үүнээс ч өөр аргагүй. 2012 оны сонгуулиар УИХ-ын суудлын 33 хувийг авсан, сөрөг хүчин, Монгол ардын нам ГШХО-ыг эсэргүүцдэг. Тэд УИХ-д өргөн барьсан бараг санал бүрийг хаадаг бөгөөд миний харж байгаагаар, тэд ГШХО-ыг Монголын ашиг сонирхол гэж үздэггүй. Гэвч энэ зөв зүйл биш юм.

Монгол Улс ашигт малтмалын нөөц баялаг ихтэй орон боловч түүнийг өөрсдөө ашиглаж чадахгүй. Тиймээс тэд “Рио Тинто” гэх мэт гадны компаниас туршлага судлах шаардлагатай. Дээр дурдсан улс төрийн саад тотгорын улмаас 2011 онд 5 тэрбум орчим доллар байсан гадаадын хөрөнгө оруулалт нь 2015 онд 230 сая доллар болтлоо буурсан нь гамшиг байсан юм. Гэвч азаар энэ гамшиг сайн талтай байж, Монгол ардын намыг амаа буцаахад хүргэж, итгэл үл үзүүлэх санал хураалтыг Ерөнхий сайд даван гарахад тусалсан байна. Ингэснээр тэд одоо уул уурхай, зам тээврийн салбарын нэн шаардлагатай хэлэлцээрүүдийг дуусгахын төлөө бүрэн хүчээрээ ажиллаж байна.

Тиймээс одоо Монголд хөрөнгө оруулалт хийх цаг нь мөн үү? Хэрвээ одоогийн эрх баригч нам сонгуульд ялсан тохиолдолд би хөрөнгө оруулагчдад зориулж эрхий хуруугаа гозойлгоно, хэрвээ сөрөг хүчин ялбал би Монголоос хараагаа шууд буруулна. Хэрвээ эрх баригч нам сонгуульд дахин ялбал “Mongolia Mining” болон “Рио Тинто” компани үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэхээр хүлээж суугаа. Эцэст нь хөрөнгө оруулагч, хөрөнгөтний тогтолцоог дэмжигчийн хувиар хэлэхэд, зургадугаар сарын сонгуульд Ч.Сайханбилэг давамгайлж, Монголыг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт найдаж байна гэж “DMS” сангийн гүйцэтгэх захирал Питер Коли бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ