Der Spiegel: Руандагийн аймшигт хядлагыг зогсоох боломж байсан уу?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-04-09 15:29:14

Африк тивийн Руанда улсад орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигт геноцид хядлага болж, тутси үндэстний голдуу 800 мянган хүн амиа алдсанаас хойш яг 25 жил өнгөрч байна. Тэр үед НҮБ-ын энхийг сахиулах хүчний нэгэн генерал цөхөртлөө тусламж эрсээр байсан боловч түүний үгийг сонссонгүй. Аймшигт хядлагыг зогсоож болох байсан уу? Ийм боломж байсан эсэх, хядлага хэрхэн газар авсан талаар Германы “Шпигель” сэтгүүлийн нийтлэлч Ханс Хильшер  ингэж бичжээ.        


Хар дарам зүүд адил аймшигт энэ хэрэг явдал Африк тивд 1994 онд болсон юм. Зэвсэглэсэн хуту омгийнхон 100 хоногийн дотор үндэстний цөөнх болох тутси омгийнхон голдуу 800 мянган хүний амийг хөнөөсөн байна. НҮБ-ын цэргийн нэгэн генерал тусламж ирүүлэхийг цөхөртлөө хүссэн боловч түүнийг хэн ч сонссонгүй. Бодит байдал дээр, хүмүүсийг үй олноор нь хоморголон устгахыг /геноцид/ зогсоох боломж байсан уу?


1994 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Руанда улсын нийслэл Кигали хотоос Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд нэгэн факс иржээ. Түүнд “хуту үндэстнүүдээс бүрддэг Руандагийн эрх баригч намынхан үндэстний цөөнх болох тутси омгийнхон болон сөрөг үзэл бодолтой хутучуудын талаар хар жагсаалт гаргаж байгаа” тухай өгүүлсэн байлаа. Эрх баригчдын дэмжлэгийг хүлээсэн этгээдүүд зэвсэг цуглуулж, засгийн газар дахь радикал үзэлтнүүд геноцид үйлдэхээр зэхэж байгаа тухай дээрх факсанд маш тодорхой анхааруулжээ. Тэр ч бүү хэл, хуту омгийнхон “цэнхэр дуулгатнууд”-ыг нутгаасаа хөөн явуулахын тулд эхлээд НҮБ-ын цэргийн бүрэлдэхүүнд багтдаг Бельгийн цэргүүдийг хөнөөхөөр төлөвлөж байгаа тухай ч мөн дурдсан байв.     


Эл түгшүүрт мэдээг илгээсэн хүн нь хошууч-генерал Ромео Даллер байлаа. Тэрбээр Руанда дахь НҮБ-ын 2500 цэргийг командалж байсан юм. Канадын иргэн Р.Даллер Руандагийн засгийн газар дахь нууц мэдээлэгчээс дээрх мэдээллийг авсан ба хуту омгийн зэвсэгт этгээдүүдийн зэвсгийн агуулахыг устгахаар төлөвлөж байгаагаа ч мөн мэдээлжээ.

Хачирхалтай нь, Даллерт ямар ч зөвшөөрөл өгсөнгүй. НҮБ-ын Төв байрнаас түүнийг тайвшруулахыг оролдож байлаа. Элдэв цуу ярианд автахын оронд аядуу үзэлт ерөнхийлөгч Жювеналь Хабиаримана болон АНУ, Бельги, Францын элчин сайд нарт мэдээлэл өгч байхыг генералд зөвлөжээ. “Идэвхгүй байх”-ыг тушаасан шийдвэрт Кофи Аннаны гарын үсэг байлаа. Тэрбээр тухайн үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан туслах байсан бөгөөд хожим нь Ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм.


Даллерын сануулан сэрэмжлүүлж байсан тэр үйл явдал 3 сарын дараа боллоо. Хэрэг явдал ингэж эхэлсэн юм. 4 дүгээр сарын 6-ны орой Ерөнхийлөгч Ж.Хабиариманагийн сууж явсан онгоцыг “газар-агаар” ангиллын 2 пуужингаар сөнөөснөөр уг онгоцоор зорчиж байсан бүх хүмүүс, тэдний дотор Бурунди улсын Ерөнхийлөгч Сиприен Нтарьямира амь үрэгджээ. 


Хөршүүдээ цавчин хөнөөж эхэлсэн нь


Ерөнхийлөгч Хабиаримана амь үрэгдсэн тухай мэдээллийг Руандагийн радиогоор цацлаа. Маргааш өглөө нь Африкийн төв дэх энэ улсад төсөөлөхийн аргагүй хэрэг явдал дэгдэж эхлэв. Орон даяар тутси омгийнхон руу дайран довтолж, тэднийг буудан хөнөөж, үхтэл нь зодож, хөрш айлынхаа тутсичуудыг цавчин алж байлаа. Хядлагыг зогсоох ёстой цагдаа нар, цэргүүд өөрсдөө түүнд оролцох болсноор ердөө 100 хоногийн дотор 800 мянга орчим хүн амиа алдсан байна.


Тэр үед Кигали хот дахь НҮБ-ын байрны телефон утсанд тусламж хүссэн дуудлага тасралтгүй ирсээр байлаа. “Манайхан ирж явна гэж хэлэх үед гэнэт ард хүмүүс хашгиралдах чимээ, буун дуу гарч, утасны чагнуур чимээгүй болох нь аймшигтай байсан” гэж хожим нь Даллер дурсан ярьсан байдаг. Гудамжнууд дахь шалган нэвтрүүлэх цэгүүд дээр байрлаж байсан “цэнхэр дуулгатнууд”-ыг зогсоож, НҮБ-ын байр руу буудаж байлаа. Кигали хот дайны байдалд оржээ хэмээн Даллер Нью-Йорк руу илгээсэн мэдээлэлдээ дурдсан байдаг.

Генерал Ромео Даллер 


Генералын тушаалаар НҮБ-ын цэргийн бүрэлдэхүүнд багтаж байсан Бельгийн 450 десантын цэргээс 10 хүнийг Ерөнхий сайд Агата Увилингийимана-г хамгаалуулахаар илгээв. 8:49 цагийн үед нэгэн “цэнхэр дуулгатан” рацаар мэдээлэхдээ “Руандагийн Ерөнхийлөгчийн гвардийн цэргүүдийн өөдөөс сөрөн зогсч байгаа бид тун хүнд байдалд орлоо” гэж байжээ.


Хуарандаа буцаж ирсэн Даллер цэргүүдийнх нь цогцсуудыг авчирч тавьсан байхыг харлаа. Хуту үндэстнээс бүрдсэн гвардийн цэргүүд засгийн газарт ажиллаж байсан цорын ганц тутси омгийн хүн болох эмэгтэй Ерөнхий сайдыг буудан хөнөөгөөд, түүнийг хамгаалж байсан бельги цэргүүдийн зэвсгийг хураан, тэднийг хуаран руугаа авч явжээ. Бельгичүүдийг төмөр саваагаар зодож жанчсаныхаа дараа цаазлан хөнөөсөн байна.   


“Бельгичүүд Руандагаас явсан бол дээр байх байлаа” гэж Теонест Багосора тавлаж доромжилсон  үгээр угтав. Руандагийн армийн хурандаа энэ хүн Даллерын холбоо баригчийн үүргийг гүйцэтгэж байжээ. Тэрбээр их хядлагад өдөөн турхирагч, түүнийг зохион байгуулагчдын нэг байсан нь хожим тодорхой болсон юм. Алуурчид урьдаас бүхнийг тооцоолсон байсныг мэдээд Даллер уурандаа багтрах шахжээ. Бельги улс энхийг сахиулагчдаа Руандагаас татлаа.


Дэлхий дахин руандачуудыг зовлон дунд нь орхиод, нүүр буруулсан өдөр 


1993 онд Руандад үүрэг гүйцэтгэх томилолт авсан генерал Даллер энх тайван тогтоно гэсэн итгэл найдвар өвөрлөн энд иржээ. Тэр үед засгийн газар болон эсэргүүцлийн хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд энхийн хэлэлцээ эхэлсэн байлаа. Гадаадад цагаачлан гарсан тутси омгийнхний удирдлага дор үйл ажиллагаа явуулж байсан Руандагийн Эх оронч фронтынхон /РЭОФ/ хөрш Уганда улсаас Руандагийн нутаг руу байнга довтолж байв. Сөргөлдөгч хоёр тал хүчирхийллийг зогсоож, шилжилтийн хамтарсан засгийн газар байгуулах талаар ярилцаж, НҮБ-ын цэргүүд энхийн үйл явцыг хянах ёстой байв. 


Хоёр омгийн зөрчил эрт дээр үеэс улбаатай аж. Нүүдэлчин тутси омгийнхон Нил мөрний орчмын нутгаас Руандад ирж суурьшаад, улмаар хуту омгийнхнийг захирах болжээ. Гэвч цаг хугацааны эрхээр хутугийн хэл соёлд ууссан байна. Хоёр омгийнхон хоорондоо улам ойртсоор хоорондоо гэрлэх болжээ. 


19 дүгээр зууны сүүлчээр германчууд Руанда болон түүний хөрш Бурундиг колоничлов. Германчууд болон тэдний дараа Руандаг захирах болсон бельгичүүд давамгайлах байр суурьтай байсан тутсичуудыг илүүтэй дэмжиж байлаа. Тутси омгийн зарим хүүхдүүд дээд сургуульд суралцаж байсан бол хутучууд сайндаа л 3 жилийн боловсрол эзэмшдэг байв. 1959 оны байдлаар, тутсичууд засаг захиргааны 45 дээд албан тушаалын 43-ыг нь хашиж байжээ.   


Руанда улс 1962 онд тусгаар тогтнолоо зарлалаа.Үндэстний олонх болох хутучууд /7,4 сая хүн амын 84 хувь/ засгийн эрхийг гартаа авсныхаа дараа олон зуун мянган тутсичуудыг улс орноосоо хөөн гаргав. Хагас сая тутси омгийнхон Африкийн орнуудад, 30 мянган хүн далайн чанадад дүрвэн гарлаа. Гэвч хөөгдсөн тутсичууд эх орондоо заавал эргэн ирнэ гэсэн итгэл найдвараа алдаагүй бөгөөд Угандад суурьшсан дүрвэгчдээс олон хүн Йовери Мусевени-гийн толгойлсон чөлөөлөх хөдөлгөөнд оролцож байв. Тус хөдөлгөөн ялж, Мусевени ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тутсичууд Угандагаас Руандад нэвтэрч цэргийн ажиллагаа явуулах болсон байна.


Тухайн үед Уганда болон бусад хөрш орнууд нь Руандагийн хямралыг зохицуулахад дэмжлэг үзүүлсээр байлаа. Дээр дурдагдсан Хабиариманагийн онгоцыг хэн сөнөөсөн болох нь одоо ч тодорхойгүй хэвээр. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар, онгоцыг пуужингаар харвасан нь РЭОФ-ынхны үйлдсэн хэрэг аж. Нөгөөтэйгүүр, энхийн хэлэлцээнд оролцсоных нь төлөө Ерөнхийлөгч Хабиаримана-д дургүйцэж, түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хуту омгийн радикал үзэлтнүүд онгоцыг сөнөөсөн байж магадгүй гэж үздэг хүмүүс ч бий. 


Хүмүүсийг үй олноор нь хядаж байх тэр үед генерал Даллер аргаа барж, тусламж хүссэн факсуудыг Нью-Йорк руу зогсоо зайгүй илгээсээр байлаа. Тэрбээр “цэнхэр дуулгатнууд”-ын хоёр батальоныг яаралтай илгээх, үхлийн аюулд өртөөд буй тутси омгийнхныг аврахын тулд тээврийн хэрэгслүүд илгээхийг шаардсаар л. Гэвч НҮБ-ын удирдлага зөвхөн өөрийн энгийн ажилтнуудыг аврах талаар л санаа тавьж байлаа. 4 дүгээр сарын 12-ны өдөр Руандад байсан гадаадын иргэдийг автомашинаар нүүлгэн шилжүүлэв. АНУ, Бельги, Итали, Франц, Германы иргэдийг нисэх онгоцоор Руандагаас тээвэрлэн авч явжээ. “4 дүгээр сарын 12 бол дэлхий дахин руандачуудыг зовлон дунд нь орхиод явсан өдөр байсан юм” гэж Даллер хожим дурсан бичсэн байдаг.  


Үй олноор нь хядсаныхаа дараа үй олноороо зугтсан нь


Энэ өдрөөс хойш улам газар авсан их хядлага 7 дугаар сарын сүүлчээр л зогслоо. Угандагийн нутгаас давшилтанд орсон РЭОФ-ын тутсичууд улс орныг бүхэлд нь эзлэн авлаа. 15 мянган хүнтэй РЭОФ-ын отрядууд францчуудын сургаж бэлтгэсэн 30 мянган хүнтэй Руандагийн армийг гуравхан сарын дотор бутниргэжээ. Тутсичуудыг бөөнөөр нь хядахад өдөөн турхирч байсан хуту омгийн хүмүүс өөрсдөө бөөнөөрөө зугтахад хүрлээ. Өш хонзонгоос айсан олон зуун мянган хутучууд хөрш орнууд руу зугтсанаар Руанда улс хэсэг хугацаанд хүнгүй болж, эзгүйрчээ.  


Ромео Даллер 1994 оны 4 дүгээр сард Руандагаас явжээ. Үүнээс өмнөхөн, РЭОФ-ынхон эвлэрэхийг эрмэлзэж байгаагийн илэрхийлэл болгож гадаадаас буцаж ирсэн хуту омгийн Пастёр Бизимунгу-г Ерөнхийлөгчөөр томилов. Өнгөрсөн хэрэг явдлыг шүүх ажлыг 2012 оныг хүртэл “гакакас” гэдэг хөршүүдийн шүүх эрхэлж байлаа. Гадаадад зугтан гарсан гэмт этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилж эхлэв. Камерунд оргон гарсан хурандаа Багосора-г баривчилж, Танзани дахь Африкийн цэргийн шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна.      


Өнөөдрийн Руанда улсад өвөрмөц маягийн дарангуйллын засаглал тогтжээ. 2000 онд засгийн эрхийг албан ёсоор гартаа авсан РЭОФ-ыг үндэслэн байгуулагч Поль Кагаме сөрөг хүчний улстөрчид болон өөрийг нь шүүмжилдэг сэтгүүлчдийг хуту, тутси гэж ялгалгүйгээр мөрдөн хавчсаар байна. Эмзэгхэн эвлэрлийг тогтоон барихын тулд тутси, хуту гэсэн үгнүүдийг хэрэглэхийг хоригложээ. Германы Рейнланд-Пфальц мужтай жишихээр хэмжээний нутаг дэвсгэр бүхий энэ улсын 12 сая иргэнийг зөвхөн руандичууд гэж нэрлэх болсон билээ.  

Өнөөдөр тэдний амьдрал Африкийн бусад орны иргэдийнхээс илүү хангалуун байна. Эдийн засаг нь жилд 8 хувиар өсч, дэд бүтэцтэй болж, авлига гэх үзэгдэл бараг үгүй болжээ. Улс төр, эдийн засгийн салбарт олон эмэгтэйчүүд удирдах албан тушаал хашиж байна. 2008 оноос хойш гялгар уут хэрэглэхийг хориглосон тул Кигали хотод хог новш бараг үзэгдэхгүй. “Умуганда” буюу “Нийгмийн тустай ажил”-ын хүрээнд бямба гараг бүрт иргэд гудамж талбайгаа цэвэрлэж, зүлэг ногоо тарьж байна. Харин залуучууд иймэрхүү маягийн “сайн дурын албадлага”-д дургүйцэх нь бий. Гэхдээ Европыг чиглэн хөвж буй завинууд дээр руандачууд огт байхгүй.


Харин энэ үед Руандагийн аймшигт дурсамжинд автан сэтгэл гутралд орсон генерал Ромео Даллер хоёр ч удаа амиа хорлох гэж оролджээ. Бельгийн 10 цэрэг, 1 сая орчим руандачуудын амь нас үрэгдсэний хариуцлагыг би хүлээх ёстой гэж боддог тухайгаа тэрбээр нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Геноцид болохыг анхааруулсаар байтал өөрийг нь сонсоогүй гэдэгтэй тэрбээр яагаад ч эвлэрч чадахгүй байсаар байна.


Нүүр зургийн тайлбар:Руандагийн дүрвэгч хүүхдүүд хилээр гаргахыг Заирын цэргүүдээс гуйж байгаа нь. Хил хаахаас хэдхэн минутын өмнө тэдний ээжүүд Руанда-Заирыг /одоогийн Конго/ холбосон гүүрээр гарч амжсан байна. 1994 оны 8 дугаар сарын 20. 


Орчуулсан Б.Адъяахүү 

Эх сурвалжууд: http://www.spiegel.de/einestages/hutu-gegen-tutsi-der-voelkermord-in-ruanda-1994-und-die-uno-a-1260307.html

https://inosmi.ru/history/20190408/244901300.html

 

 

Холбоотой мэдээ