Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 21 этгээдийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-10 18:15:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр улиралд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь ноднингийн мөн үеийнхээс 16.4 хувиар буурсан үзүүлэлт хэмээн Нийслэлийн цагдаагийн газар /НЦГ/ мэдээлэв. Тус газраас энэ оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлсэн ажлаа өнөөдөр танилцуулсан юм. 



НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Товуудорж, “Энэ оны нэгдүгээр улиралд, цагдаагийн байгууллагаас хулгай, дээрэм, залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, гэмт хэрэг тодорхой хувиар буурсан. Өнгөрсөн сард нийтийн байр гурвалсан гэрээ, ломбард гэсэн арга хэмжээг дүүргүүд дэх цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан. Орон нутгаас нийслэлд ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс олшрох хандлагатай байгаа. Тэдгээр иргэн ихэвчлэн тодорхой хаяггүй, нийтийн байр түрээслэж амьдарч байгаа бөгөөд шөнө, орой дээрмийн гэмт хэрэг үйлдэж байгаа байдал тогтоогдсон. Шалгалтаар, нийт 649 ААН байгууллага нийтийн байр түрээсэлж байгаагаас зөвшөөрөлтэй 195, зөвшөөрөлгүй 454 ААН, байгууллага байгааг тогтоосон. Мөн шалгалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас илрүүлсэн.  Аюулгүй байдал, орчны гэрэлтүүлгийг шалгах ажлын хүрээнд хяналтын камергүй 317 ААН, камертай 183 ААН байгааг тогтоож, шаардлага хангасан камертай болох үүрэг чиглэл өгсөн байна. Дээрэмдэх гэмт хэрэг нэг, дөрөвдүгээр улиралд нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс Бүлэг-2019 хэсэгчилсэн арга хэмжээг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн алба хаагчидтайгаа хамтран явуулж байна. Арга хэмжээний хүрээнд, дээрмийн хэрэг үйлдээд гадуур шалгагдаж байгаа 17-35 насны 143 иргэнд хуулийг таниулан сурталчлах, давтан хэрэг үйлдүүлэхгүй байх зэрэг нөлөөллийн арга хэмжээг авсан. Мөн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 21 этгээдийг баривчилж, 76 хэргийг илрүүлээд байна. Дээрмийн гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан нь шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, ганцаараа явах, баталгаагүй такси үйлчилгээ авснаас хохирч байна” гэв.



Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, хурандаа Э.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, “Цагдаагийн байгууллагаас нэгдүгээр улиралд халаасны хулгайн өргөдөл гомдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, 25 хувиар, гэмт хэрэг 49 хувиар багасжээ. Олон талт арга хэмжээ зохион байгуулсны үр дүн гэж дүгнэж байгаа. Нийтийн тээврийн унаанд үйлдэж байгаа халаасны хулгай нэмэгдэх болсон тул нийслэлийн нийтийн тээврийн ААН, байгууллагад зургаадугаар сарын 1-н хүртэл автобусыг камержуулах чиглэл өгсөн. Мөн дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтраад Халаас, Хяналт зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, халаасны хулгай үйлддэг хүмүүсийг цуглуулж гэмт буруу зуршлаас нь татгалзуулах яриа таниулга хийсэн. Эмнэлгүүдэд гарч байгаа гэмт хэргийг бууруулах чиглэлээр ХӨСҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтраад аюулгүй бүс аяныг өрнүүлсэн. Үүний үр дүнд ЭХЭМҮТ шинээр 32 камер тавьсан. ХӨСҮТ дээр 96 камер тавихаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 17 ААН 50 метр хүртэлх талбайг хянах камер байршуулсан. Мөн арга хэмжээний хүрээнд, халаасны хулгай хийдэг гурван бүлэг 18 этгээдийг дайчлан баривчилж шалгасан. Хууль бусаар олж авсан гар утас борлуулдаг гурван ченжид эрүүгийн хэрэг нээн шалгаж байна. Эдгээр ченжүүдээс 70 гаруй гар утас хурааж авсан. Хохирогч тогтоох ажиллагааг явуулж байна. Алдсан эд зүйлээ таньж байгаа иргэн цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэв.

Холбоотой мэдээ