Агнуурын амьтдын ашиглалт хамгаалалтыг сайжруулахад нутгийн иргэдийн оролцоог чухалчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-11 22:24:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн БОАЖГ-аас "Агнуурын амьтдын ашиглалт, хамгаалалт" сэдэвт аймгийн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд БОАЖГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд ХААИС-ийн багш, ан агнуурын холбоо, Баянхонгор аймгийн сумдын ИТХ-ын дарга болон Засаг дарга нар, байгаль хамгаалах ТББ зэрэг бүх салбарын төлөөлөл оролцож ан агнуурыг илүү хариуцлагажуулах, ашиглалтыг тодорхой болгож, хамгаалалтыг сайжруулах талаар зөвлөлдсөн байна.

Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн хэмжээнд тусгай төрлийн агнуураас 300 гаруй сая төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байдаг бол бусад төрлийн агнуурын орлого ч мөн хэмжээнд хүрчээ. Төсөвт төвлөрүүлсэн эдгээр орлогоор аймаг орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалт, иргэдийг ажилтай орлоготой байлгахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байна. Сумд ч тусгай төрлийн агнуурын зөвшөөрлийг үндэслэн зарим сум орон нутгийн төсөвтөө өнгөрсөн жил 40 орчим сая төгрөгийг төвлөрүүлж, түүнийхээ 50 хувийг хуулийн дагуу байгаль, амьтан ургамал хамгаалах чиглэлээр зарцуулжээ.

Тусгай зориулалтын агнуур нь ховор амьтдын тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна уу, агнуураас орсон мөнгийг хамгаалалтад зарцуулж чадаж байна уу гэсэн асуулт олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн байдаг. Үүнийг цэгцлэх зорилгоор Засгийн газраас "Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам"-д өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээр анчдын бууны овоо хараанд өртдөг ховор амьтдыг жинхэнэ утгаар нь хамгаалах төдийгүй нутгийн иргэд хяналт тавих, хамгаалалт хийх эргээд хөдөлмөрөө үнэлүүлэх боломж нээгдэж байгаа юм байна.

Зөвлөгөөнөөр, Баянхонгор аймагт агнуурын амьтдын ашиглалт хамгаалалтыг сайжруулахдаа нутгийн иргэдэд тулгуурлан, тэдний дунд нөхөрлөлүүдийг бий болгон тэднийг дэмжиж ажиллахаар болов. Ингэснээр ашиглалт болон хамгаалалтад нутгийн иргэдийн гүйцэтгэх үүрэг оролцоо илүү өндөр түвшинд байх аж.

Монголчуудын хувьд амьтан жигүүртнээ агнуулахын эсрэг байр суурьтай байдаг ч эргэн төлжигддөг, нөхөн сэргээгддэг баялаг бол зэрлэг амьтдын нөөц байдаг гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч үүнийгээ эдийн засгийн өсөлт хөгжилдөө эерэгээр ашиглаж, мөн тэр хэрээрээ хамгаалсаар иржээ. 

Холбоотой мэдээ