Алслагдсан тосгонд хүүхдийн цэцэрлэг барьж эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-04-12 09:59:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгонд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ.

Сэлэнгэ аймгийн хамгийн алслагдсан сум болох Орхонтуул сумын Рашаант тосгоны хувьд шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг бол хүүхдийн цэцэрлэг байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оны 10 дугаар сард тус тосгонд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шавыг тавьж, хашааг нь барьсан аж.

Уг цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Шинэчлэл инвест" ХХК шалгаран гэрээ байгуулжээ. Хэд хоногийн өмнө тус компанийн захирал н.Алтанхуяг инженер техникийн ажиллагсдын хамтаар Рашаант тосгонд хүрэлцэн ирж барилгын ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Энэхүү цэцэрлэгийн барилгын ажилд орон нутгаас 17 иргэнийг түр болон улирлын чанартай ажиллуулахаар болжээ. Энэхүү цэцэрлэгийн ажил нь Орхонтуул сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Рашаант тосгонд шинээр цэцэрлэг байгуулж, ашиглалтад оруулахаар тусгагдсаны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ийнхүү хийхээр батлагдсан ажил аж. Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс энэ оны 8 дугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан байна. 

Холбоотой мэдээ