Гаалийн байгууллага төсөвт төвлөрүүлэх орлогоо 1.5 хувиар давуулан биелүүлжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2019-04-16 11:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гаалийн байгууллага энэ оны эхний гурван сард улсын төсөвт 651.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ 1.5 хувиар давуулан биелүүлжээ.

Төсвийн тухай хуулиар тус байгууллага энэ оны эхний гурван сард 641.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн юм. Төсөвт төвлөрүүлсэн орлогын 50.6 хувийг НӨАТ, 23.7 хувийг Гаалийн албан татвар, 22.3 хувийг Онцгой албан татвар эзэлсэн байна. Харин Автобензин, дизелийн түлшний албан татвар 0.6 хувийг бүрдүүлсэн болон бусад орлого 2.7 хувийг эзэлжээ. Мөн 2019 оны Төсвийн тухай хуулиар импортын суудлын автомашинаас 57.4 тэрбум төгрөгийн онцгой албан татвар төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Уг үүргээ 5.5 хувиар давуулан биелүүлж, 62.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Гаалийн байгууллагын гаргасан судалгаагаар, Монгол Улс энэ оны эхний гурван сард 1.27 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортын дийлэнх хувийг мал, амьтан, ургамлын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн, дизелийн түлш, тоног төхөөрөмж, бүх төрлийн автомашин эзэлжээ.

Холбоотой мэдээ