Улаан бурхан өвчний тохиолдол дэлхий даяар нэмэгдсээр байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-04-16 12:04:02

ЖЕНЕВ. /BBC/. Энэ оны эхний гурван сарын хугацаанд дэлхий даяар бүртгэгдсэн улаан бурхан өвчний тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.


ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, дэлхийн бүх бүс нутаг дахь тархалтын хэмжээ нэмэгдсэн ажээ. Харин Африкт хамгийн өндөр буюу 700 хувиар өссөн байна. Түүнчлэн бодит тоон үзүүлэлт үүнээс ч өндөр байхыг үгүйсгэхгүй бөгөөд дэлхий даяар улаан бурханы 10 тохиолдол тутмын 1 нь албан ёсоор бүртгэгддэг байж магадгүй гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.


Улаан бурхан нь вирусийн халдварт өвчин бөгөөд зарим тохиолдолд халдвар уушги, тархинд тархаж, эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулдаг байна.


Украин, Мадакаскар, Энэтхэгт улаан бурхан өвчин хамгийн их тархаж, сая хүн тутамд олон арван мянган тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн Бразил, Пакистан, Йеменд тархалт нэмэгдэж, олон хүн нас барсны дийлэнх нь бага насны хүүхэд байжээ.


Үүнээс гадна вакцинжуулалтад сайн хамрагдсан АНУ, Тайландад ч мөн уг өвчний олон тохиолдол бүртгэгдсэн байна.


НҮБ-ын мэдээлснээр, вакцинжуулалтаар дамжуулан улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хэдий ч дэлхийн дархлаажуулалтын түвшин 85 хувьд хүрсэний дараа үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд энэ үзүүлэлтийг наад зах нь 95 хувь хүргэснээр уг өвчнийг тархахаас үр дүнтэй урьдчилан сэргийлэх боломжтой болох ажээ. 

Холбоотой мэдээ