Жил дөрвөн сарын дараа “Мөсөн өргөө” спортын ордонтой болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-16 12:37:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор "Мөсөн өргөө" спортын ордны шав тавих ёслол өчигдөр Шинэ Яармаг хороололд боллоо.


Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс, мөн ОХУ-ын Красноярск хотноо өнгөрсөн 3 сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад их наадамд уран гулгалтын төрлөөр анх удаа Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон уран гулгагч Г.Марал-Эрдэнэ нар оролцов.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа хүүхэд, залуучууд, иргэдийн спортын болон оюуны хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил дутмаг байгаа. Энэ асуудлыг шат шатандаа анхаарч Улаанбаатар хотод дэлхийн хэмжээний олон төрөлт спортын арга хэмжээг зохион байгуулах, олон улсын стандартын шаардлага хангасан “Мөсөн өргөө” ордон спорт цогцолборын байгуулах ажлыг өнөөдөр эхэлж байна. Техник технологийн хөгжлийг дагалдан интернэт, гар утаснаас улам бүр хамааралтай болж байгаа өнөө үед хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдраа хөгжүүлж спорт, урлагаар хичээллэх боломжийг бий болгох зорилгоор цаашид олон томоохон бүтээн байгуулалтыг ажлыг хийх болно” гэдгийг хэллээ.

 

“Мөсөн өргөө” ордон нь: Хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд


Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан ажил зохион байгуулах боломжтой.


Тус ордон нь 2600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглох юм байна.

 

Монголын үе үеийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл болсон тус ордны газар шороо, суурийн ажил ийнхүү албан ёсоор эхэллээ. Барилга угсралтын ажил 2020 оны долдугаар сард дуусах ба мөн оны наймдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг тус ордонд  зохиохоор төлөвлөсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Холбоотой мэдээ