Төгсөх ангийн сурагчид түүх соёлоо танин мэдэх аялалд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-16 16:43:43

Дорноговь/МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас ерөнхий боловсролын сурагчдад орон нутгийн түүх соёлыг сурталчлах, хадгалж, хамгаалах, өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор түүх соёлыг сурталчлах аяллыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаа Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгээс тавдугаар сургуулийн төгсөх ангийн сурагчид аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцсанаас гадна Ноён хутагт Д.Данзанравжаагийн музей,” Саран хөхөө” театрын түүх, хутагтын хөшөө, хөгжил цэцэглэлтийн хөшөөний түүхийг танин мэдэв.

Мөн аймгийн Музей сургалт, судалгааны төв болон Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөө, өөрөө явагч их буу, Сайншандын дууны хөшөө, Монгол Улсын төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн уран бүтээл дурсгалд зориулсан боржин чулуун хөшөө хийгээд түүний бүтээл туурвилыг танин мэдсэн бол орон нутгийн түүх соёлын талаар “АХА” тэмцээнд оролцож мэдлэгээ сорьжээ.

Түүх соёлоо сурталчлах аяллын эхний өдөр ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Ч.Одгэрэл багштай 12а анги, Х.Пүрэвсайхан багштай 12б ангийн сурагчид оролцов. 

Түүх соёлоо танин мэдэх дээрх аяллыгцаашид үргэлжлүүлэн зохион байгуулна. Аяллыг зохион байгуулснаар ахлах ангийн сурагчид аймаг орон нутгийнхаа түүх, соёл, хөгжил дэвшил, онцлог зүйлсийн талаар тодорхой мэдлэгтэй болохоос гадна нутаг орноороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан үзсэн байна.

Холбоотой мэдээ