Усан будгийн зураач С.Мөнхбаатар амжилтаа ахиулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-17 15:42:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зураач С.Мөнхбаатар Олон улсын Усан будгийн холбооны анхдугаар уралдаанд “Бүргэд” бүтээлээрээ оролцож тэргүүн байрт шалгарсан байна.  Тэрбээр 2018 онд Балбад болсон олон улсын усан будгийн зургийн фестивалийн “Топ гурван зураач”-ийн нэгээр шалгарч байсан. Энэ удаа амжилтаа ахиулжээ.

Балба улсын нийслэл Катмандуд болсон хоёр дахь фестивальд 30-аад орны уран бүтээлч оролцон, 200-гаад бүтээл өрсөлдүүлсэн байна. Топ бүтээлүүдээс С.Мөнхбаатарын зураг шалгарч, Балба улсын хоёр зураач хоёр, гуравт оржээ. Дээрх  200 гаруй  зураачийн хамт бурхан багшийн мэндэлсэн Лүмбинд очиж судалбар хийсэн. Судалбар зургаар “Топ 10 зураач”-д бас багтсан байна.

Манай улсад 2014 онд Усан будгийн нийгэмлэг байгуулж, 2015 онд Олон улсын  холбоонд албан ёсоор элссэн байна. Одоогоор эх орондоо фестиваль, терминаль, биенналууд зохион байгуулах боломж бага ч Олон улсын тэмцээнд манай зураачид амжилттай оролцож байгаа юм. С.Мөнхбаатарын хувьд, 2016 онд Иран, 2018 онд Болгарт болсон үзэсгэлэн уралдаанд оролцсон бол, энэ жил Албани, Энэтхэг улсад  болох уралдаан, үзэсгэлэнд бүтээлээ сойх аж.

Холбоотой мэдээ