Элэгний вирус илрүүлэх шинжилгээнд 32.7 тэрбум төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-18 13:42:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын  2016-2020 онд хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд, ЭМДЕГ энэ онд  нийт  1.053.960 сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж Эрүүл мэндийн даатгалын сангаас  32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 


Үүнд В, С вирусийн халдвар илрүүлэх, баталгаажуулах, ачаалал тоолох шинжилгээний болон вирусийн эсрэг эмчилгээний эмийн үнийн зардал багтах юм.


Энэ хөтөлбөр нь хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатитын С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилготой. Тус  хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжилж 15-аас дээш насны бүх хүн элэгний В,С вирусийн шинжилгээнд хамрагдах боломжтой юм.

2017 онд  В,С вирусийн халдвартай байх өндөр эрсдэлтэй бүлэг буюу 40-65 насны иргэдийг шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамруулахыг зорьжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас  С вирусын халдвар илрүүлэх, вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг 100 хувь, вирусын эсрэг эмчилгээний  нэг хайрцаг эмэнд  210 мянган төгрөгийн эмийн үнийн  хөнгөлөлт үзүүлж   нийт 353.445 хүн буюу зорилтот насны хүн амын 47.1 хувийг нь хамруулсан байна.

2018 оноос тус хөтөлбөрийн II шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирусийн илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлын төлбөрийг  Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд өнгөрсөн онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695.375 хүн хамруулахаас 510.239 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 74.3 хувийг хамруулжээ.

Мөн  вирусийн эсрэг эмчилгээний эмийн үнийг  Эрүүл мэндийн даатгалын сангаас 60 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж, элэгний С вирусийн эсрэг эмийн жагсаалтад 2 нэр төрлийн эмийг хавсарч хэрэглэхээр шинээр нэмж оруулсан.

Өнгөрсөн онд  элэгний вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 11.859.300.0 төгрөгийг зарцуулсан байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ