БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-19 13:17:15

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хоёрдугаар форумд БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид адил тэгш байдлаар оролцоно. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.


"Энэ бол бүгдэд нээлттэй санаачилга юм. Бид сонирхож буй бүх хүнийг оролцохыг урьж байна. БНАСАУ төлөөлөгчдөө илгээсэн, АНУ ч мөн төлөөлөгчдөө илгээсэн, энэ бол хэвийн л зүйл, учир нь бид бүгдийг нь хүлээж авахад бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.   


БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын онцлон тэмдэглэснээр, “Бүс ба зам” чуулга уулзалт нь олон улсын Засгийн газар, ажил хэргийн хүрээнийхний анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд хүлээцтэй хамтын ажиллагааны орон зайг тэлэхэд нөлөөлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлнэ.


Бээжин хотноо энэ сарын 25-27-нд болох “Бүс ба зам” олон улсын хоёрдугаар форумд ОХУ, Пакистан, Казахстан, Австри, Азербайжан, Беларусь, Чех, Египет, Грек, Унгар, Итали, Монгол, Филиппин, Серби, Сингапур, Тажикастан, Тайланд, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг дэлхийн 40 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, 150 орчим орны төлөөлөгчид оролцоно.


Анхдугаар форум Бээжин хотод 2017 оны тавдугаар сард болж, 29 улсын төр, засгийн тэргүүн нар оролцжээ. 


"Бүс ба зам" нь худалдаа-тээврийн одоо байгаа зурвасуудыг сайжруулах, Төв Ази, Европ, Африкийн 60 гаруй улсыг холбосон ийм зурвасуудыг шинээр бий болгоход чиглэсэн санаачилга юм. Уг санаачилгын гол зорилго Хятад болон дэлхийн улс орнуудын худалдааны харилцааг хөгжүүлэх аж. "Торгоны замын эдийн засгийн бүс" байгуулах санаачилгыг БНХАУ-ын дарга Си Жиньпин гаргасан бөгөөд 2013 оны есдүгээр сард Казахстанд төрийн айлчлал хийх үеэрээ Астана хотод үг хэлэхдээ ийм төсөл эхлүүлснийг анх мэдэгдсэн билээ. 



Холбоотой мэдээ