Хятад хэлээр эсээ бичих анхдугаар уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-19 14:51:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” сэдэвт хятад хэлээр эсээ бичих анхдугаар уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа. Тус уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Мөнгү Шяоши Бао” сониноос Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жил, тус сонины 90 жилийн ойг тохиолдуулан хятад хэлний сургалттай ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд зарласан юм. 


МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болсон шагнал гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Ли Вэй, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтын Хятад талын захирал Жү Жүнлү, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн ажилтан Хурц нарын зочид төлөөлөгчид оролцов.

Шагнал гардуулах ёслолыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хэлэхдээ, “Манай агентлаг 2018 оноос уншигч, харилцагчдынхаа хүрээллийг нэмэх, байнгын эргэх холбоо бий болгох зорилгоор англи, орос, хятад, япон сонины нэрэмжит уралдааныг холбогдох ЭСЯ-д, соёл хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Сурагчдын хятад хэлээр бичих ур чадварыг дэмжих, Монгол-Хятадын найрамдалт харилцааг хүүхэд залуус хэрхэн үнэлж буйг харуулах, Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуучуудын оролцоог нэмэх зорилготой манай уралдааны цар хүрээ улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь бидний Монгол-Хятадын найрамдалт харилцаанд зохих хувь нэмрээ оруулах гүүр болох учиртай гэж бид үзэж байгаа юм. Бидний ажлыг дэмжин хамтран ажилласан Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ, Хятадын соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.

Тус уралдаанд 10-12 дугаар ангийн 50-иад сурагч оролцсоноос, тэргүүн байрт "Үй Цай" бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Эрхэмбаяр, дэд байрт "Орчлон" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Уянга, гутгаар байрт "Дархан Цайхун" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Золбаяр нар шалгарлаа. Шагналт болон тусгай байр эзэлсэн сурагчдыг мөнгөн урамшуулал, Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ, Хятадын соёлын төвийн нэрэмжит шагнал, бэлэг дурсгалын зүйлээр шагнав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Ли Вэй хэлэхдээ "Монгол Улсын хүүхэд багачууд хятад хэл сурах, Хятад улсыг ойлгож танихад энэ уралдаан том завшаан олгож байна хэмээн талархаж байна. Хүүхэд залуус хятад хэл сурч, хоёр орны нөхөрсөг харилцаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Уралдааныг амжилттай зохион байгуулсан МОНЦАМЭ агентлагийн хамт олонд талархал дэвшүүлье" хэмээгээд уралдаанд амжилттай оролцсон сурагчдад улам их амжилт хүсэв.

Уралдаанд байр эзэлсэн сурагчдын сэтгэгдлийг хүргэж байна.


Тэргүүн байрт шалгарсан Үй Цай бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Эрхэмбаяр: Хятад улс бол манай хөрш орон. Хятад хэл соёлыг олон улс сонирхон судалдаг болж байгаа учраас би хятад хэлийг сонгон үзсэн. Би Бээжин хотод 6 жил сураад, 8 дугаар ангидаа "Үй Цай" сургуульдаа шилжин ирсэн. Эсээгээ бичихдээ Монгол, Хятад улсын эв найрамдлын түүх болон хоёр орны ирээдүйн хөгжлийн тухай өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн. Цаашид хятад хэлийг улам сайн сурч, олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.


Хоёрдугаар байрт шалгарсан "Орчлон" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Уянга: Миний хувьд, нэгдүгээр ангиасаа хятад хэл сурч байна. Өмнө нь ийм эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг хүсдэг байсан боловч өөртөө итгэл муутай байсан. Харин энэ удаа зориглон,  Хятадад амьдарч байсан тухайгаа бичихээр шийдсэн. Эсээгээ хоёр долоо хоног бодож байж бичсэн. Манай монголчууд хятад орон, хятад хүмүүсийн тухай буруу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Тиймээс Хятадад амьдарч, аялж байсан дурсамжаараа тэр ойлголтыг залруулахыг хүссэн юм.


Гуравдугаар байранд шалгарсан "Дархан Цайхун" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Золбаяр: Эсээгээрээ Монгол, Хятад улс өмнө нь үл ойлголцдог байсан бол, одоо хоёр орны найрамдалт харилцаа сайжирч, хөгжиж буйг харуулсан. Хөрш орныхоо хэл соёлыг мэдэхийн тулд хятад хэлийг хичээнгүйлэн суралцахыг үе тэнгийн найз нөхөддөө уриалж бичсэн.


Дашрамд мэдээлэхэд, хятад хэлээрх Монголын цорын ганц тогтмол хэвлэл “Мөнгү Шяоши Бао” сонин 1929 оноос хойш 90 дэх жилдээ хэвлэгдэн гарч байна.


Холбоотой мэдээ