УИХ-ын Тамгын газарт бичил номын сан хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-23 12:30:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхий номын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын Тамгын газар, Оюуны өмчийн газар хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа.


Төрийн байгууллагын ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолыг танилцуулах, нэг дороос өргөн сонголтоор ном худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийг УИХ-ын Тамгын газар 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.


Chimgee Chimgee-н зураг.

“Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгт “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Номоо солилцъё”  төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнд хүлээлгэн өглөө.


Chimgee Chimgee-н зураг.

Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэг зэрэг 26 газар байрлуулжээ.  Бичил номын сан “Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн энгийн дүрэмтэй. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном өгдөг байх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн юм. Ийнхүү номын сангийн хэрэглээг нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгосноор оюунлаг нийгмийг бий болгох үндэс гэдгийг мөн дурдав.


Chimgee Chimgee-н зураг.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 оны дөрөвдүгээр сарын 23-нд жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл илэрхийлж, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг байна.

Холбоотой мэдээ