Жюү жицүгийн ДАШТ Мастерсын тэмцээнээр үргэлжилж байна.
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн өсвөрийн ДАШТ-ий 45 кг-д Б.Шинэтулга алтан медаль хүртэж дэлхийн аварга болов.
Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. ДАШТ-ээс Монголын өсвөрийн баг тамирчид 11 медаль хүртсэн байна. Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Жюү жицүгийн өсвөрийн ДАШТ-ий 2 дахь өдөр буюу энэ сарын 22-нд хөвгүүд болон залуучуудын ангиллын өрсөлдөөн боллоо. Энэ 2 ангилалд нийт 980 гаруй тамирчид оролцсон юм. Манай улсаас нийт 21 тамирчин хүч үзэж 6 медаль хүртлээ. Б.Шинэтулга алтан медаль хүртсэнээс гадна С.Шинэхүү, Ө.Бат-Оргил нар мөнгөн медаль, С.Одбаяр, Ц.Хосбаяр, Г.Гарамхүү нар хүрэл медалийн эзэд болжээ.
Жюү жицүгийн ДАШТ өнөөдөр /2019.04.23/ Мастерсын
тэмцээнээр үргэлжлэх бөгөөд манай улсаас 9 тамирчин хүчээ сорих юм.