"Заламт гол” компанийн ажлыг зогсоохыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-24 11:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Налайх дүүргийн Хонхор өртөө, Хөлийн гол, Холбоо гурван нуур орчимд байрлах автомашины зай хураагуур буюу аккумлятор задалж, хар тугалга ялган, экспортолдог “Заламт гол” компанийн ажилтай танилцав.


“Заламт гол” компанийн захирал Ц.Ууганбаяр, “Компаниа байгуулаад долоон жил болж байна. Хар тугалга ялгахтай холбоотой төрөөс тогтоосон журам, стандарт байхгүй учир өөрсдөө зохих хэмжээнд судалж, аюулгүй, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй байх технологийг судлан нэвтрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 300 тонн хар тугалга экспортод гаргаж, Эрдэнэт хотын “Эрдмин” компанид 500 тонн хүхрийн хүчил нийлүүлсэн” гэж ярив.



Гэвч дээрх мэдээллийг Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар үгүйсгэв. Тодруулбал, “Заламт гол” компанийн ажилтнууд аккумляторыг сүхээр хагалж хар тугалгыг салгаж авдаг. Ингэхдээ хүхрийн хүчлийг саванд тосож авдаг хэдий ч гадуур нь асган, дийлэнхийг нь хөрсөнд шингээдэг гэлээ.



“Заламт гол” компанийн ойролцоо БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хос даль” компани ижил үйлдвэрлэл эрхэлдэг байсныг холбогдох хууль, хяналтын байгууллага зогсоосон байна. Учир нь “Хос даль” компани 150-160 тонн хүхрийн хүчил газрын хөрсөнд шингээж, орчны бохирдол үүсгэсэн гэдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат хэллээ. “Хос даль” компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн 24.3 дахь заалт буюу химийн хорт болон аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Цогтбаатар дурдав.



Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, “Төрөөс хувийн хэвшлийг хохироох ажил явуулж болохгүй. Гэхдээ хууль зөрчихийг нь ч зөвшөөрөх ёсгүй. Тиймээс “Заламт гол” компанийн ажлыг зогсоох, нууцаар ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг илрүүлэх хэрэгтэй” хэмээв. Мөн хаягдал аккумляторыг дахин ашиглах журам, стандартыг боловсруулахыг ЗТХЯ-нд үүрэг болгов. Түүнчлэн аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Өргөдлийн байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжлэв.

Холбоотой мэдээ