Монголын охидын баг Тажикистаны шигшээг 3:0-ээр илүүрхэн хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-24 11:56:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны охидын шигшээ баг Бангладеш улсад өчигдөр "Bangamata U19 Womens International Gold Cup 2019" тэмцээний эхний тулаанаа Тажикистаны шигшээтэй /2019.04.23/ тоглож 3:0-ээр илүүрхэн хожлоо.


Манай охид япон дасгалжуулагч Рио Наоко Кавамотогийн удирдлага дор анхныхаа тэмцээнд ийнхүү оролцож хожлоор эхлүүллээ. Манай шигшээ багийн ахлагч Т.Ундрал тоглолт эхлээд ердѳѳ 13 минут өнгөрч байхад Т.Лорагийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг гоол болгож, багтаа тэргүүллийг авч ирсэн юм. Удаах гоолыг Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ тѳдийгүй 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Э.Энхмаргад оруулж, тооны харьцааг 2:0 болгон холдууллаа.



Тажикистаны багтай тоглоход жигд хамгаалж, довтолж байсан Дэлгэрзаяа торгуулийн цохилтоос эцсийн цэгийг тавьж гоол оруулснаар манай охидын шигшээ тоглолтын эцсийн үр дүнг 3:0 болгон итгэл тѳгс хожиж чадлаа. Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ 2018 оны 11 дүгээр сард Тажикистанд 4:1-ээр хожигдож байсан бол ѳнѳѳдѳр 19 насны шигшээ баг тэднээс хариугаа ийнхүү авлаа.



Япон мэргэжилтэн Рио болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд нарын хамтын удирдлага, охидын хичээл зүтгэлээр эхний хожлоо авсан Монголын шигшээ "Бангамата Алтан Цом"-ын тэмцээний дараагийн тоглолтоо маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд Лаостой хийх бѳгѳѳд тэр тоглолтын үр дүнгээс үл хамааран хэсгээс гарах болзлоо хангасан байна.




Холбоотой мэдээ