“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр орон нутагт хэрэгжиж эхэллээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-04-25 16:52:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт Дундговь аймагт боллоо. 

Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд хүүхдийн шүдний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар 2023 он гэхэд хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулахаар зорьж байгаа ажээ.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын болон сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэхээр хөтөлбөрт тусгагдсан байна.

2-12 насны бүх хүүхдийг үзлэгт хамруулж, шүдийг эрүүлжүүлэх байгууллагаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд 2, Говь-Угтаал суманд 1 шүдний хувийн эмнэлэг шалгарч, энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.

Дундговь аймгийн хэмжээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт хамрагдах 2-12 насны 12000 гаруй  хүүхэд байгаа бөгөөд дээрх гурван эмнэлэг 15 сумын хүүхдүүдэд хуваарийн дагуу үзлэг, эмчилгээ хийх ажээ. 

Холбоотой мэдээ