Вашингтон хотноо “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-25 16:40:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын нийслэл Вашингтон дахь Дэлхийн банкны үндсэн цогцолборт “Монголын өв соёлын өдрүүд”, “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум үргэлжилж байна.


Энэхүү ажлыг Экспорт Олон улсын худалдааны төв, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, ГХЯ, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйн бирж, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж байгаа юм. 

Энэ үеэр Монгол Улсаас АНУ-д экспортлох гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж, хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар хэлэлцэж, АНУ-ын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтцийг танилцуулах юм.

Энэ удаагийн бизнес форумд 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Бизнес форум АНУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын худалдаа хөрөнгө оруулалтын VI хуралдаантай давхцаж буйгаараа онцлогтой. Бизнес форумаар гуравдагч хөршийн бодлого, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортын асуудал зэрэг үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлыг тодорхой түвшинд хөндөж ярилцана гэж оролцогчид онцолж байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эскпортыг дэмжих, гадаад оронд зохион байгуулж байгаа, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг дэмжин оролцуулахаар тусгасан. Экспорт, олон улсын худалдааны төв нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд экспортын нэгдсэн сүлжээг бий болгох,  аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус төв энэхүү үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын ажлыг хамтран зохион байгуулж байгаа нь Хойд Америкийн зах зээлд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдийг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, мөн гадаад хамтын ажиллагааг бий болгох зорилго агуулжээ.

ХХААХҮЯ хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого баримталж байгаа энэ үед гадны хөрөнгө оруулагчид  Монголын Засгийн газраас баримталж байгаа бодлогыг хэрхэн үнэлж байгаа, Монгол компаниудын өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний давуу талын талаарх мэдээлэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай танилцах боломжтой юм.  

Үзсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.


 

 

Холбоотой мэдээ