Завханд дэлхийн бүжгийн өдөрт зориулсан нэгдсэн тоглолт болно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-04-26 11:01:52

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Хөгжимт жүжгийн театрын бүжигчид дэлхийн бүжгийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр "Этүгэний Донж" нэртэй бүжгийн нэгдсэн тоглолтыг анх удаа орон нутагтаа хийх гэж байна.

Тус тоглолт нийт 22 бүжгээс бүрдэх бөгөөд театрын мэргэжлийн бүжигчид болон ерөнхий боловсролын сургуулийн бүжгийн хамтлагууд, СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангийн оюутнууд, цэцэрлэгийн бүжгийн хамтлагууд оролцоно. Мөн бүжгийн "Аmka dance" сургалтын төвийн хүүхдүүд оролцож 200 шахам бүжигчид бүжиглэх юм байна. Тоглолт ардын, олон үндэстний, балет, цэнгээнт бүжгээс бүрдэх аж. Нэгдсэн тоглолтын бүжгүүдийг СТА Ш.Доржжүгдэр, Б.Отгонтөгс, В.Энхтайван нар дэглэж, тоглолтын ерөнхий уран сайхны дэглээчээр Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын бүжгийн багш В.Энхтайван ажиллах юм.

Тус театрын бүжигчид өнгөрсөн сард Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн факультетаас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх 4,9 кредитийн сургалтад амжилттай оролцоод иржээ. 

Дашрамд дуулгахад, ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Дөрөвдүгээр сарын 29 бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг. Жан-Жорж Новер 1727 оны дөрөвдүгээр сарын 29-нд төрж, 1810 оны аравдугаар сарын 19-нд таалал төгсчээ. Түүнийг бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт хийсэн гавьяатан гэж дэлхийн урлаг судлаачид үнэлдэг билээ. Түүнийг бүжгэн жүжигт баатарлаг дүр төрх  болон эмгэнэлт байдлыг харуулсан шинэ өнгө төрхийг бий болгосон гэж үздэг. Тэрбээр 1759 онд тайзны зураач, найруулагч, хөгжмийн зохиолч болон бүжигчдийн хамтын хөдөлмөрийн талаар “Бүжгэн жүжиг болон бүжгийн урлагт бичсэн захидал” хэмээх номоо нийтлүүлж байжээ.

Холбоотой мэдээ