Нийслэлд буудуулсан байж болзошгүй цогцос олджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 12:01:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр өглөө хүн толгойн тус газраа буудуулж амиа алдсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулав. 



Тэрбээр, "Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын автобусны буудлын орчимд "Толгойноос нь цус гарсан эрэгтэй хүн хэвтэж байна" гэх иргэний дуудлага цагдаагийн байгууллагад өнөөдөр 06.15 цагт ирсэн. Дуудлагын дагуу харъяа нутаг дэвсгэр харуцсан цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийсэн. Мөн төвөөс бүрэлдэхүүн ажиллаж байна. Цогцсыг шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн. Шинжилгээний хариугаар амиа алдсан шалтгааныг эцэслэн тогтооно. Урьдчилсан байдлаар, духандаа шархтай амиа алдсан иргэн байсан юм. Одоогоор тухайн иргэний хэн болохыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Эцэслэн тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой" гэлээ. Мөн уг хэргийг харсан хүн байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүслээ.


Тухайн цогцос 100 айлын автобусны буудлын дэргэдэх "Нарлаг" зоогийн газрын дэргэд хэвтэж байжээ. Тус нутаг дэвсгэрт оршин суудаг иргэдийн хэлж буйгаар, хүмүүс маргалдах чимээ сонссон гэж байгаа ч буун дуу сонссон гэх хүн байсангүй. Хэвлэлээр тухайн иргэн духандаа буудуулж нас барсан, орон нутгийн иргэн байсан гэх мэдээлэл гараад буй. Уг хэрэг дээр цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд талийгаачийн үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор шүүхийн шинжилгээний хэлтэст хүргүүлжээ. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.


Холбоотой мэдээ