УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-26 10:39:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.25 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ.


Чуулганы хуралдаанаар хоёр хууль, нэг тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг нээлттэй горимоор хэлэлцэх санал гаргав. Тэрбээр, “Эрдэнэсийн сангийн мэдээллийг нууцын зэрэглэлд оруулсны улмаас олон нийтийн хяналт үгүй болж, тус сангийн хөрөнгөөс завших тохиолдол гарах болсон” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УУХҮ-ийн сайд гадаад томилолттой байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргав. Мөн Капитал банк дампуурсан шалтгаан, түүний улмаас хохирсон иргэдийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн дурдлаа. Тэрбээр, “Капитал банкинд зөвхөн иргэд бус ерөнхий боловсролын сургуулиуд болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байсан. Тиймээс чуулганаар заавал хэлэлцэх ёстой” гэв.


Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг хойшлуулах санал гаргалаа. Учир нь Эрүүл мэндийн сайд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул ирэх долоо хоногт салбарын сайдыг байх үед хэлэлцэх нь зөв гэсэн юм.


Түүнчлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад Харилцаа холбооны тухай хуулийн төслийг оруулахыг УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ. Ийнхүү УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг хойшлуулав. Мөн Н.Учрал гишүүний саналыг олонх дэмжив.

Холбоотой мэдээ