Солонгосын хойгийн энх тайван байдал АНУ-ын байр сууриас шалтгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-26 11:19:04

ПЁНЬЯН. /TASS/. Солонгосын хойгийн аюулгүй байдал АНУ-ын байр сууриас бүрэн шалтгаална гэж БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Русский арал дээр хэлэлцээ хийх үеэрээ мэдэгджээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.


“БНАСАУ-АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ нэг талыг баримталсан, найрсаг бус байр суурь илэрхийлсний улмаас Солонгосын хойг болон бүс нутгийн байдал одоогийн байдлаар гацаанд орсон бөгөөд түүгээр барахгүй анхны байдалдаа эргэн орж болзошгүй аюултай ирмэгт тулан ирсэн гэдгийг хүндэт удирдагч онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдал АНУ-ын хандлагаас бүрэн шалтгаалах бөгөөд БНАСАУ ч бүх нөхцөл байдалд бэлэн байх болно гэдгийг дурдав” хэмээн тус агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.


KCNA агентлагийн мэдээнд тэмдэглэснээр, ОХУ болон БНАСАУ-ын удирдагчид хэлэлцээ хийх үеэрээ “цаашид харилцан ойлголцол болон хэлхээ холбоогоо нягт бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах стратегийн дэмжлэгийг эрчимжүүлэхээр” тохиролцсон байна.


 


Холбоотой мэдээ