ОУХМ М.Гаамаагийн нэрэмжит гар бөмбөгийн зэрэглэл өндөртэй тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-29 20:54:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Гар бөмбөгийн спортын Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын шилдэг дасгалжуулагч Монхорын Гаамаагийн нэрэмжит "Дундговь-Сайхан нутаг-2019" гар бөмбөгийн тэмцээнийг Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж, хот, хөдөөнөөс спортын мастер, дэд мастерууд олноороо оролцсон, зэрэглэл өндөртэй тэмцээн боллоо.

Тус тэмцээнийг “Дундговь-Шарангад” клуб, аймгийн Гар бөмбөгийн холбоо, Олон улсын хэмжээний мастер М.Гаамаагийн үе үеий шавь нар  хамтран зохион байгуулж, 29 баг тамирчид 108 медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлджээ.

Олон улсын хэмжээний мастер М.Гаамаа ажил, амьдралынхаа 45 жилийг энэхүү спорттой холбож, улс, аймгийнхаа нэрийг олон удаа гаргаж явсан төдийгүй, спортын зэрэгтэй 700 гаруй тамирчныг төрүүлсэн гавъяатай тамирчин, багш, дасгалжуулагч юм.

Тэрээр 1977-1980 онд Монгол Улсын шигшээ багт тоглож байсан бөгөөд 1978 оны улсын аварга шалгаруулах тэмцээний Шилдэг довтлогчоор шалгарч, 1977 онд Болгар улсын Универсиад-79, 1978 оны Олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм. Мөн улс, аймгийн Шилдэг дасгалжуулагч, Шилдэг багшаар удаа дараа шалгарч байжээ.

Олон улсын хэмжээний мастер М.Гаамаа нь сайн тамирчин төдийгүй орон нутагтаа гар бөмбөгийн спортын залуу үеийг бэлтгэн, хөгжүүлж, улс, бүсийн тэмцээнд өндөр амжилтуудыг гаргаж чадсан шилдэг багш, дасгалжулагч ажээ.

"Дундговь-Сайхан нутаг-2019" тэмцээнийг О.Ганбат захиралтай "Ган-Илч" ХХК, Б.Бэхбат захиралтай "ЮНИТЕЛ" компанийн Дундговь аймаг дахь салбар болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, шавь нар нь ивээн тэтгэж дэмжин оролцсон байна. 

Холбоотой мэдээ