“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Баяндэлгэрийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-30 11:17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар, тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Баяндэлгэрийг томиллоо.


Б.Баяндэлгэр санхүүч мэргэжилтэй бөгөөд улсад 32 жил ажилласан байна. Тэрбээр Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Б.Баяндэлгэрт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар өнөөдөр тамга гардуулахдаа стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг эвдрэлийг цаг тухайд нь засаж, осол аваар гарахаас сэргийлэхэд онцгой анхаарахыг захилаа.


“Гашуун Сухайт Авто Зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг байна. Өнгөрсөн онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 18.2 сая тонн нүүрс тээвэрлэж, 71.7 тэрбум төгрөгийн орлого олж, зам засвар, арчлалтад 22 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Холбоотой мэдээ