Үндэсний бичиг үсгийн баярыг баасан гарагт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-30 15:06:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг өнөө жил “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор тэмдэглэх талаар зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээллээ.


Эх хэл,  бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой Үндэсний  бичиг үсгийн баярыг Монголын Үндэсний номын сангийн гадна талбайд ирэх сарын 3-нд нээх юм.  Төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн зэрэг 120 гаруй ажлыг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд  нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.


Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат: Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах  уралдааныг орон даяар зохион явуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг-Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран  “Аймаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах” ажлыг зохион байгуулна.


“Бичиг соёл” төвийн тэргүүн, уран бичээч Д.Ганбаатар: Дэлхийн аль ч орны уран бичлэгтэй дүйцэхүйц уртай, монгол бичиг соёлын өвөрмөц сонгодог хэлбэрүүдийг залуу үе, улмаар дотоод гадаадын үзэгчдийн мэлмийд толилуулдаг “Бичиг соёл-2019” үзэсгэлэн ирэх сарын 10-нд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ жилийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ-аас уран бүтээлчид, нийслэл болон хөдөө орон нутгаас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай аймгийн нийт 40 гаруй уран бүтээлч оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн уралдааныг МУСГЗ, яруу найрагч, хайкуч Ү.Хүрэлбаатарын нэрэмжит болгон зохион байгуулна.


Монголын Үндэсний номын сангийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах: Бичиг үсгийн баярын нээлтийн үеэр шилдэг нийтийн номын санг Үндэсний номын сангийн нэрэмжит шагнал “Ном цом”-оор шагнана. Мөн “Даавуун артай баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, өнөөгийн байдал” онол практикийн хурал Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд ирэх сарын 6-нд, “Даавуун артай соёлын баримтат өв” үзэсгэлэнг Үнэт ховор номын музейд, “Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэн, “Номын сангийн үйл ажиллагааны тайлан боловсруулах аргачлал” сургалтыг тус тус зохион байгуулна.


Мөн энэ үеэр зохион байгуулагчид “Үндэсний бичиг үсгийн баяр-2019”-ын хүрээнд зохион байгуулах ажлуудад идэвхтэй оролцохыг ард иргэд, уншигч, үйлчлүүлэгч нарт уриаллаа.

  


Холбоотой мэдээ