Ж.Одыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-03 18:25:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эрүүл Сэлэнгийн төлөө их үйлсэд хамт олноо түүчээлэн удирдаж яваа, дөрвөн үеийн эмч, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Одыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Энэхүү хүндэт шагналын эзэн Ж.Од Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт 32 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд удам залган эрүүл мэндийн салбарт өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан яваа гэдгээрээ онцлогтой нэгэн. Тэрээр эрүүл мэндийн салбарт тасралтгүй зүтгэсэн 32 жилийнхээ 28 жилийг нь удирдах албан тушаалд томилогдон ажиллажээ.

Аливаа ажлыг их, бага гэж ялгалгүй чин сэтгэлээсээ гүйцэтгэхийг хичээдэг түүний Сэлэнгэ аймгийн төдийгүй Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү урамшуулсан аж. Дөрвөн үеийн эмч гэх бахархам түүхийг бүтээж яваа түүний аав О.Жигжидсүрэн нэгэн үед Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарыг удирдан чиглүүлж явсан, зарчимч, шаардлагатай, ажилсаг урдаа барих цөөхөн эмч нарын нэг байсан. Харин түүний ээж, эмээ нь мөн эмч явсан бөгөөд өнөөдөр хүү, охин хоёр нь ч гэсэн мөн адил эмчийн мэргэжлээр ажиллаж байгаа гэнэ.  

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас олгодог аймгийн “Хүндэт тэмдэг” хэмээх энэхүү нэр хүндтэй шагналыг 2012 оноос эхлэн олгосон бөгөөд долоон жилийн хугацаанд нийт 131 хүнд олгожээ.  

Холбоотой мэдээ