С.Дүүрэнжаргал: Оюуны өмчөө онлайнаар бүртгүүлэх боломжтой

Монголын мэдээ | Тодруулга
192@montsame.mn
2019-05-01 16:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саяхан болсон Дэлхийн оюуны өмчийн өдрөөр МҮХАҮТ Оюуны өмчийн газар хамтран патент, барааны тэмдэг эзэмшиж буй хүмүүс болон бизнс эрхлэгчдэд зориулан патентын хэрэглээний талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ талаар МҮХАҮТ-ын Оюуны өмч хариуцсан мэргэжилтэн С.Дүүрэнжаргалаас тодруулав.

-Бизнесээ эхэлж буй хүмүүс барааны тэмдэг, патентын эрхийг заавал авах шаардлагатай юу?

-Оюуны өмчийн эрхээ хамгаалах нь сайн дурын асуудал. Оюун өмчийн газарт хэн түрүүлж патентаа бүртгүүлсэн нь эрхээ хамгаалдаг хэвээрээ байгаа. Зөвхөн бизнесээ эхэлж буй төдийгүй олон жил бизнес хийж буй хүн ч өөрийн бизнесийг хамгаалах үүднээс, өөр хэн нэгэн бизнесийг чинь хуулбарлах юм уу дууриахаас сэргийлж бүртгүүлэх учиртай юм. Хоёрт, бүртгүүлж байна гэдэг өрсөлдөх чадвараа хамгаалж, нэмэгдүүлнэ гэсэн үг. Мөн патент, барааны тэмдгийн гэрчилгээтэй болох юм бол гэрчилгээгээ барьцаалж зээл авах боломжтой. Нөгөөтэйгүүр бизнес тань амжилттай байгаа бол бизнесийн загвараа баталгаажуулснаар бусдад төлбөртэй ашиглуулж болно. Манайхан энэ бүхнийг мэдэхгүйгээс болж хохирдог. Мөн өөрт нь ямар төрлийн оюуны өмчийн эрх тохиромжтойг ялгаж мэддэггүйгээс цаг хугацаа их алддаг. Тиймээс энэ талаар Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, олон жил бизнесээ эрхэлсэн хэдий ч барааны тэмдгийн зөвшөөрлөө аваагүй, эсвэл өөр хүний брэнд болсон барааны тэмдгийг ашиглаж буй нөхцөлд анхны патент, эрхийг эзэмших ёстой хүн гомдол, мэдүүлэг гаргах талаар хугацаа тогтоож байгаа. Энэ талаар хууль батлахаар тодорхой болно.

-Ер нь хаана, яаж хандаж хурдан бүртгүүлэх вэ?

-Эхлээд тухайн хүн патент, барааны тэмдгийн алийг нь мэдүүлэх шаардлагатай байгаагаа тодруулах нь чухал. Бид оюуны өмчийн ялангуяа аж үйлдвэрийн өмч болох патент, барааны тэмдгийн талаар зөвлөж, зуучилдаг. Хүмүүс ихэвчлэн зохиогчийн эрх болон патентаа хамгаалуулья гэж ирдэг. Бид бараа, бүтээгдэхүүний гаднах загвар хийц, хэлбэр, брэнд нэр, лого, хийж буй арга технологи, эцсийн бүтээгдэхүүн болсон эсэх талаар хэлж, ямар шаардлага тавигдаж, бичиг баримт бүрдүүлдэг талаар зааварлаж зөвлөдөг. Тухайн ААН-ийн барааны тэмдэг бүртгэлтэй эсэхийг шалгаж, итгэмжлүүлэх хүсэлт гаргасан нөхцөлд материалуудыг онлайнаар авч Оюун өмчийн газарт илгээж зуучилдаг. Одоо бичиг баримтыг заавал эх хувиар нь авч ирэх шаардлагагүй, онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон. Ямар материал бүрдүүлэх талаар Танхимын www.mongolchamber.mn сайтаас мэдээлэл авч болно. Мөн Оюуны өмчийн газрын www.ipom.mn вэб сайтаас авч болно. Энд оюуны өмчийн талаарх бүх мэдээлэл тодорхой байгаа. Мэдүүлгээ зааврыг нь хараад өгөх боломжтой. Гэхдээ хуулийн хэллэгээр бичсэн зүйлийг энгийн бизнес эрхлэгчид уншаад тодорхой ойлголт авч чаддаггүй юм шиг санагддаг. Бид улирал тутам барааны тэмдгийн сургалт явуулж байгаа. Ер нь аж ахуй эрхлэгчид тэр бүр оюуны өмчийн төрлүүдийг ялгадаггүй учраас мэдүүлэхээсээ өмнө ярилцах нь зүйтэй юм. Патент гэхэд ашигтай загвар, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар гэсэн гурван төрөл байдаг.

Үүнээс ашигтай загвар, шинэ бүтээлийн патент илүү технологийн түвшин талдаа хамаарна. Технологийн түвшин ахисан ноу хау-тай бизнес тэр бүр түгээмэл биш байдаг. Өөрөөр хэлбэл зах зээлд ижилхэн төрлийн бизнес зонхилж байна. Хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтсон стандарт технологитой байх жишээтэй. Тэгэхээр ийм нөхцөлд брэнд лого, сав баглаа боодлоороо л ялгарахаас аргагүй. Түүнийгээ ч оюуны өмчийн эрхээр хамгаалдаг. Энэ нь барааны тэмдэг эсвэл бүтээгдэхүүний загварын патент болдог. Түүнээс үйлдвэрлэж буй аргачлал, дэвшилтэт технологиор хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиолдол ховор учраас патентын мэдүүлгийн тоо ч цөөн байдаг.

-Брэнд лого авсан хэр нь түүнийгээ ашиглахгүй байх явдал хэр гарч байна?

-Ийм тохиолдол нэлээд гарсан. Түрүүлж бүртгүүлчихээд барааныхаа тэмдгийг ашиглахгүй мөртлөө бусдад мөнгөөр шилжүүлэх зөрчил гарсан учраас барааны тэмдгийг бүртгүүлснээс хойш 5 жилийн дотор ашиглахгүй бол эрхийг нь цуцлах заалт нэмэгдэж байгаа. Хууль батлахаар дагалдах дүрэм журам өөрчлөгдөнө. Өөр нэг гарч буй нийтлэг алдаа гэвэл манайхан ААН, компаниа голдуу ижил нэрлэдэг. Жишээ нь, компаниа “Их богд” гэж нэрлэлээ гэхэд энэ нь барааны тэмдгийн хуулиараа барааны тэмдэгт тооцогдохгүй. Түгээмэл ашигладаг, уул ус, орон нутгийн нэрийг бараг хүн бүх авдаг болохоор оноосон тохиромжтой нэр өгөх хэрэгтэй байдаг.

 

Б.Болд

Холбоотой мэдээ