Вьетнамын алдартай блогчин ял шийтгүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-24 16:00:39

ХАНОЙ. /TASS/. Вьетнамын нийслэл Ханой хотын Ардын шүүх тус улсын алдартай блогчин Нгуен Хыу Виньд төрийн эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр таван жил хорих ял оноосон байна. Түүний туслах эмэгтэй Нгуен Тхи Минь Тхюи мөн адил хэргээр гурван жил хоригдох ял авсан тухай "Аннинь тхудо" сонинд мэдээлжээ.

Ханой хотын Ардын шүүх 60 настай блогчин болон түүний 36 настай туслахыг улсын ашиг сонирхолд хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Тэдний үйлдлийг “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон ардчиллыг төрийн, байгууллагуудын болон иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах зорилгоор ашигласных нь” төлөө шийтгэл оногдуулах тухай заасан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйл ангид хамааруулсан гэж тус сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Хууль сахиулах байгууллагуудын тогтоосноор, Нгуен Хыу Винь, Нгуен Тхи Минь Тхюи нар нь “Ард түмний эрх” цахим хуудсыг хэдэн жил хөтөлжээ. Тэд өөрсдийн блог хуудсандаа Вьетнамд байгаа бодит байдлыг гуйвуулсан тэрс үзэл агуулсан материалууд байрлуулдаг байсан байна.

Үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж, тэрс үзэлт блогчдод хатуу арга хэмжээ авч байна гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд Вьетнамын эрх баригчдыг байнга шүүмжилдэг.

Харин Ханойн эрх баригчид үүнийг няцаасаар байгаа юм. Вьетнамд зөвхөн Засгийн газрын эсрэг суртал ухуулга явуулсан болон одоогийн төр, засгийг түлхэн унагахыг уриалсных нь төлөө шийтгэх тухай Эрүүгийн хуулийн зүйл заалтад хамаарах үйл ажиллагаа явуулсан блогчдыг л хариуцлагад татдаг гэж тус улсын эрх баригчид мэдэгддэг байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ