Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжин худалдан авалт хийхээр шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-02 22:42:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ,  ХХҮГ, ХХААГ, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо хамтран орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний "Эх оронч худалдан авалт- орон нутгийн үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдааг Мандалговь хотноо зохион байгуулж, тус үзэсгэлэнгээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж худалдаалж байна.  

Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх зорилготой бөгөөд цаашдаа төрийн худалдан авалтыг хийхдээ зөвхөн аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчид, үйлдвэрүүдээс худалдан авч байхаар шийдвэрлэж байгаа ажээ.

Тус үзэсгэлэн худалдаанд Сайнцагаан, Хулд, Дэлгэрхангай, Луус, Өлзийт сумын үйлдвэрлэгчид эсгий ширмэл, эсгий шаахай, бэлэг дурсгалын зүйлс, модон сандал, жижиг авдар, ажлын хувцас, сумдын туг, гурилан бүтээгдэхүүн, бэлэн хувцас, ингэний ааруул, ингэний аарцтай шинэ хүмүүл, “Миг” хатаамал, нунтаг аарц, 80- 120 литрийн багтаамжтай хөхүүр, гэрийн оосор, бүч, морины хазаар, чөдөр  гээд олон төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа аж.

Дээрх олон төрлийн бүтээгдэхүүнээс Хулд сумын Зөн тэнгис ХХК-ийн “Миг” хатаамал нунтаг аарц, Луус сумын Наран багийн малчин Б.Эрдэнээгийн үйлдвэрлэсэн үхрийн ширэн хөхүүр, Өлзийт сумын үйлдвэрлэгч Р.Уйгармаагийн хийсэн ингэний аарцтай шинэ хүмүүл, мөн сумын малчин С.Өлзийтуяагийн үйлдвэрлэсэн ингэний ааруул зэрэг бүтээгдэхүүн худалдан авагчдын сонирхлыг татаж, борлуулалт сайтай байлаа.


Холбоотой мэдээ