ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ШИЛМЭЛ БҮТЭЭЛҮҮД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-05-02 16:16:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

ЛУУТ БҮЖИГ


Жорж Мартины “Гал мөсний” дуун цувралаас сэдэвлэсэн “Хаан ширээний тоглоом” кино дэлхий нийтийн үзэгчдийг байлдан дагуулж НВO-ийн урд өдөр шөнөгүй суулгаж буй билээ. Кино гарснаас хойш Мартины “Гал мөсний дуун” цуврал улам ч их алдартай болсон юм.


Тэгвэл тус цувралын сүүлийн боть, V дэвтрийн нэгдүгээр хэсэг болох "ЛУУТ БҮЖИГ: Мөрөөдөл ба тоос" номыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаж байна. Сүр хүчит тулааны дараа зүг зүгээс ирэх шинэ аюулд Долоон ханлиг улсын ирээдүй дээсний дөрөөн дээр дэнжигнэнэ. Үймээн самуун дэгдэхийн хирээр хувь тавилан хийгээд хуйвалдаан зөвшилцөөний урсгалууд агуу бүжигт бүгдийг татан оролцуулна. Бүх л өнцөг булангаас ширүүн зөрчлүүд хурцдаж, увайгүй урвалтууд газар авч, гэмт хэрэгтэн, гэгээнтэн ламтнууд, цэргүүд, арьсаа солигчид, эхэс дээдэс, зарц боолууд зэрэг нүсэр том бүлгэмүүд дааж давшгүй хүнд нөхцөл байдалд орох гэнэ.


Жорж Мартин бидэнд асар баялаг ертөнцийг бүтээж өгсөн бөгөөд түүнийг нь хэвлэлийн хуудаснаас шимтэн унших нь хамгийн амт шимттэй зүйлсийн нэг болох нь гарцаагүй билээ.


АМЬДРАЛЫН ХҮРДЭНД ЗҮДЭГСЭД




Нобелийн шагналт зохиолч Мо Яний өөрийнх нь тодорхойлсноор оргил бүтээл, шидэт реализмын сонгодог төлөөлөл болсон энэхүү романыг зохиолч хэдийгээр 43 өдрийн дотор бичиж дуусгасан ч санааг нь дөч гаруй жил тээж явсан хэмээн өгүүлжээ. Буддын шашны сансрын хүрднээс санаа авсан эл зохиолд Хятадын тосгон суурингийн тавь гаруй жилийн аж байдал, ахуй орчныг таван төрлийг дамжин төрөх Симэнь Наогийн нүдээр уран яруу, шог хошин аргаар дүрслэн үзүүлжээ.


Хилс хэрэгт буруутгагдаж амиа алдах "харгис" нударган Симэнь Нао, хайртай эхнэр Бай овогтынх нь хатуу тавилан, түүний бага эхнэр Инчунь, хүү шигээ санаж өсгөсөн Лань Ляний хувь заяа, хамтралд элсэлгүй хувийн аж ахуйтан хэвээр үлдсэндээ бүгдэд адлагдсан Лань Лянь, хувьсгалын үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн ч өөрчлөлт шинэчлэлтийн бодлоготой золгоод итгэл алдарсан Хун Тайюэ, нэг хашаа хороонд цугтаа аж төрж, амьдралаа холбосон ах дүү, эгч дүү дөрвийн ээдрээт тавилан, цагийн аясаар өөрчлөгдөх, Симэнь Наогийн хүү Зиньлун, эх нэгтэй дүү Зэфаных нь сэтгэлийн шаналан, эцэст нь энэ бүхний чимээгүй гэрч болж нэгэн шугамд холбоод, таван төрлийг дамжин Зэфаны гэрт эргээд хүн болж мэндлэх Симэнь Нао... гээд уншигчдыг үл уйдаах гинжин хэлхээ, туурвигчийн өвөрмөц бичлэгийн арга барил нь “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” романд нэвт шингэжээ.


ДӨТЛӨН ҮЗЭГДЭХ ГАЛТ ТЭРЭГ




Бид бүхэн 1968 онд Оскарын кино наадмаас “Шилдэг гадаад хэл дээрх кино” шагналыг хүртэж байсан Чехийн найруулагч Мензелийн “Прагийн хавар” бүтээлийг мэднэ. Тэгвэл тус кино өнгөрсөн зууны Чехийн нөлөө бүхий зохиолчдын нэг Бохумил Храбалын “Дөтлөн үзэгдэх гал тэрэг” хэмээх алдартай бүтээлээс санаа авч дэлгэцэнд амилуулжээ.


“Дөтлөн үзэгдэх галт тэрэг” бүтээл нь дайны дараах Чехийн уран зохиолд тэсрэлт авчирсан уран зохиолын онцгой туужийн нэг аж. Гитлерийн фашизмын хөлд үрэгдэх дөхсөн европын олон жижиг улс дайны дараа сая нэг талхинаас чөлөөлөгдөж, ард түмэн нь амьдрал үргэлжлэх нь гэсэн итгэл найдвараа сэрээж ядан, энх амгалан цагийн аяс зөөлнийг таньж ядан байсан тэр цаг үед Храбал гашуун гэвч егөөтэй нь дэндүү, хүнлэг гэвч баатарлаг нь мөн төдий их ийм нэгэн тууж бичиж дайны жилүүдэд эгэл Чек түмний амссан энэлэн шаналан, улс үндэстнийхээ туулсан уйтгар гунигийг сэгсрэлцэхэд ихээхэн хүч өргөсөн гэнэ.


ШОК ЭМЧИЛГЭЭ




Канадын сэтгүүлч, зохиолч, нийгмийн идэвхитэн Наоми Kлайн "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номоо 2007 онд бичсэн байдаг. Тус бүтээлд Чикагогийн дэг сургуулийнхан буюу Милтон Фридманы Неолиберал эдийн засгийн бодлогыг баримтлагчид хэрхэн өөрсдийн бодлогоо хуйвалдаан, тархи угаалт болон манипулацийн аргаар хэрэгжүүлдэг нууц түүхийг өгүүлнэ. Энэхүү бүтээл нь дэлхийн 27 хэлнээ орчуулагдан, олон улсын бестселлер болж чадсан юм.


1980-аад оны сүүлээр социалист систем задран унаж, бүрэлдэхүүнд нь байсан улсууд либерал үзлээр хөгжих болсны тодорхой жишээ нь Монгол юм. Гэвч бид ардчилал, чөлөөт эдийн засгаар замнасан гурван арванд хөлөө нэг л олсонгүй. Чикагогийн дэг сургууль буюу Шок эмчилгээ Монголд хэдийнээ эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр манай улс эдийн засгийн бие даасан байдлаа нэгэнт алдаад байна. Ингэж доройтсон эдийн засгаа сэргээхийн тулд юуны түрүүнд, хямарсан учир шалтгааныг нь зөв оношлох шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл шок номлол, неолиберал үзлийн талаар тун сайн мэдэж байх шаардлагатай. Тийм ч учраас энэхүү ном уншигчдад чухам зөв сонголт болж чадах биз ээ.


ШҮҮХ АЖИЛЛАГАА


Эдгар Погийн өгүүллэгүүд уншигчдийг сэтгэлзүйн шаналалд автуулдаг бол Франц Кафкагийн өгүүллэгүүд асар их дарамтанд оруулдаг. Гэвч аль алиныг нь уншиж дууссаны дараа надад өөрийн эрхгүй амьдралын утга учиргүйн талаар бодож утгатай болгох хүч чадал хүмүүст угаас байдаггүй, тийм чадварыг бурхан бидэнд бэлэглээгүй бөгөөд хүн төрөлхтөн айдсаа ялан дийлж чаддаггүй дорой амьтас мэт санагдсан. Тэдэнд байгаа зүйл нь оюун ухаан хэдий ч яг үнэндээ оюун ухаанд нь ямар сул талууд, үнхээнц байдал буйг хүмүүс огтхон ч ухамсарладаггүй. Гэвч хүн бүхэнд, тэдний мөн чанарт нэг зүйл агуулагдаж байдаг.


Тэгвэл түүний алдартай “Шүүх ажиллагаа” зохиолыг анх удаа эх хэлнээс нь буюу Кафкагийн гар бичмэлийг баримтлан хөрвүүлсэн хувилбараар бид унших боломжтой болж байна. Алдарт “Шүүх ажиллагаа” романаа тэрээр 1914-1915 онд бичсэн хэдий ч 1925 онд, түүний орь залуугаараа нас барсны дараах жилд зохиол нь хэвлэлтээс гарчээ. Энэхүү романы талаар маш олон талаас авч үзсэн тайлал, тайлбарууд байдаг бөгөөд одоо ч маргаантай хэвээр буй нь тус зохиолын цар хүрээг илтгэн харуулна.


ДУР БУЛААМ


Дэлхийн өнөө цагт ид бүтээн туурвиж буй 21 зохиолчийн шилмэл өгүүллэгийг багтаасан “Дур булаам” түүвэр уншигчдын хүртээл болжээ. Тус бүтээл Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч Б.Баясгалангийн гурав дахь шилмэл өгүүллэгийн түүвэр юм.


Тэрээр номынхоо тухай “Мэдээлэл шинэчлэгдэхгүй бол мэдлэг сэлбэгдэхгүй, мэдлэг сэлбэгдэхгүй бол бид цаг үетэйгээ нийлж алхах, дэлхийн хөгжилд дөрөө харших тухай бодоход хүнд. Уншигчдын сонголт таашаал хорьдугаар зууны эхэн үеийн дэлхийн уран зохиолоос нэг их холдоогүй манай орны хувьд чухам яг энэ цаг үед дэлхийн хүн зон юу уншиж, зохиолчид нь юу бичиж буйг зах зухаас нь ч болохнээ мэдэж, таньж байж өөрсдийн бүтээл туурвилын жин бан, чадал чансаа, үзэл санаа, ялгаа заагийг тодорхойлох биз ээ” хэмээсэн байна.


“Дур булаам” түүвэрт Элис Мүнро, Умберто Эко, Салман Рушди, Милан Кундерагаас гадна бидний уншигчид танилцаж амжаагүй Энэтхэгийн зохиолч Шарма, Японы зохиолч Юүко Саката, Тайванийн зохиолч Хуан Чон Кай, Гайти гаралатай Америкийн зохиолч Дантика зэрэг олон шилдэг зохиолчдын шилмэл өгүүллэгүүд багтжээ.

 

Холбоотой мэдээ