А.Оюун: Эко төлбөрийн хуулийн төсөлд хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихээр тусгаж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-05-02 17:58:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хог хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулж байна.

Ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох боломжтой юм гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын Хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оюун хэлж байна. Тэрбээр, “Хуулийн шинэ зохицуулалтаар аюултай хог хаягдал хаана, хэдий хэмжээнд үүсч, хэн хаашаа тээвэрлэж, хаана ямар аргаар устгасан талаарх нэгдсэн мэдээллийн сан бий болно. Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд зөвшөөрөл олгож, хянадаг, аюул осол гарсан үед арга хэмжээ авдаг төрийн байгууллагуудын үүрэг оролцоог ч тодорхой болгосон”-ыг тэмдэглэж байна.

Хог хаягдлын тухай хуульд байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулсан тохиолдолд тооцох хариуцлагын тухайд олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг тусгасан. Мөн үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглаж, боловсруулахыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүссэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг тусгаад байна.

Манай улсад хог хаягдал дахин боловсруулах 10 гаруй үйлдвэр ажиллаж байна. Хог хаягдлыг эх үүсвэрээр нь дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор БОАЖЯ-наас Эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар ажиллаж байгааг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын Хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оюун дуулгалаа. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоог бүрдүүлэх талаар энэ тавдугаар сарын 7-нд болох “Хог хаягдлын менежмент”-ийн чуулга уулзалтаар тодорхой хэлэлцэх юм байна.

Тодруулга: “Аюултай хог хаягдал” гэдэг нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлж, байгаль орчинд хортой, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлдэг байна.

Б.Болд

Холбоотой мэдээ