Ц.Эрдэнэбаяр: Шатахууны нөөцийг нэмэгдүүлснээр үнийн хэлбэлзэлд өртөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-03 15:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-аас шатахууны үнэ яагаад нэмэгдээд байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, “Нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг манай улсын хувьд валютын ханш болон дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа”-г хэллээ. Дээрх байдлаас шалтгаалж манай улсын гол импортлогч ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ өнгөрсөн гуравдугаар сарынхтай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 39-50 ам.доллароор нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард хилийн үнэ А-80 болон Аи-92 автобензинийх 71 ам.доллар, энэ тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллар, А-80 болон Аи-92-ын үнэ 53 ам.доллароор тонн тутамд нэмэгдэж нийт дүндээ шатахуун 31 хувь өсөж орж ирж буйг мэдээллээ. Ингэснээр одоогийн байдлаар А-80 автобензин нэг тонн нь 666 ам.доллар, Аи-92-ынх 696 ам.доллар, дизелийн түлш 640 ам.доллар болоод байна. Харин (боловсруулаагүй түүхий) газрын тосны олон улсын зах зээл дэх үнэ “brent” төрлийнх нь тонн тутамд 544.78 ам.доллар, “WTI” төрлийнх 496 ам.доллар байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн үнэтэй харьцуулахад үнэ “brent” төрлийнх нь 3.63,  “WTI” төрлийнх нь 3.76 хувиар тус тус буугаад байгаа аж.


Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан “Роснефть” компанитай төлбөрийг уян хатан зохицуулах талаар хэлэлцэх төслөө хүргүүлээд буйг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр дуулгалаа. Мөн БНХАУ, Казахстан зэрэг орны бусад эх үүсвэрээр шатахуун оруулж ирэх талаар судалж байна. Тодруулбал, урд хөршийн “China Oil” компаниас шатахуун оруулж ирэх талаар хэлэлцэж байна. Мөн дотооддоо нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 100 мянган тонн шатахууныг агуулах савыг барьж байна гэв. Ийм хэмжээний нөөцтэй болсноор шатахууны үнийн хэлбэлзэлд тэр бүр өртөхгүй болно. Мөн ОУВС-тай хамтран шатахууны үнийн хэлбэлзлийг автоматаар тогтоох системийг нэвтрүүлж байна. Ингэснээр ирэх сараас эхлэн АМГТГ-аас шатахууны дэлхийн зах зээлийн үнэ, жижиглэнгийн үнийг тогтмол мэдээлдэг болно” гэв. Засгийн газраас шатахууны үнийг бууруулах үүднээс өнгөрсөн 2018 онд А-80, Аи-92 шатахуунд ногдуулдаг Онцгой албан татварын хувь хэмжээг тэглэснээ ч дуулгав.

Мэдээлэлтэй холбоотойгоор сэтгүүлчид сүүлийн үед их ярих болсон хуурамч шатахуун худалдаалж буйг хянаж чадаж буйг тодруулахад, АМГТГ-аас улсын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүний чанарыг хянаж шинжлэх гурван лаборатори АМГТГ, ИНЕГ, Гаалийн ерөнхий газрын харьяанд тус бүр ажиллаж буйг мэдээллээ. Гэхдээ лабораторийн хүчин чадал бүрэн хэмжээнд шинжлэхэд дутмаг байгаа учир энэ онд багтаан АМГТГ хилээр импортлон орж ирж буй нефтийн бүх бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэх лаборатори ашиглалтад оруулах гэж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ