А.Дэлгэрцэцэг дэлхийн гоо эхчүүдийн нэгээр шалгарав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-05-06 13:07:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн үзэсгэлэнт эхчүүдийн дунд зохион байгуулдаг “Mrs world” тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо дөрөвдүгээр сарын 29-нөөс энэ сарын 4-нд болж, шилдгүүдээ тодруулав.


Тус тэмцээнд Монгол Улсаас “Mrs Mongolia” Улсын анхдугаар уралдааны “Алтан эрдэнэ” шагналын эзэн, БСШУСЯ-наас батламжилсан Хүүхэд хамгааллын элч А.Дэлгэрцэцэг амжилттай оролцож 41 орны гоо эхээс шилдэг зургаан гоо ээжийн нэгээр шалгарлаа.

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар", "Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ холбоо", "Алунгоо эх" ТББ, "Алдарт эх цахим нэгдэл”-ийн хамтран зохион байгуулсан “Mrs Mongolia World 2018 -Гоо Ээж" Улсын анхдугаар уралдааны Алтан эрдэнийн өргөмжлөлийг А.Дэлгэрцэцэг хүртсэн юм.

Тус тэмцээний зорилго нь хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлэх, гэр бүл салалт, үр хөндөлт, архидалт мансуурал зэрэг ёс суртахуунгүй бусармаг явдлыг эсэргүүцэж, нийгэмд үлгэр дуурайлал болох, сайн сайханд уриалах, нийгмийг соён гэгээрүүлэх юм.  Тиймээс Монголын сайхан эхчүүдийн төлөөлөл А.Дэлгэрцэцэгийг БСШУСЯ-наас өнгөрсөн оны 12 дугаар сард “Хүүхэд хамгааллын элч” хэмээн батламжилсан билээ.

“Хүүхэд хамгааллын элч” нь хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг эхчүүдэд хүргэх, хүүхдээ зөв хүмүүжүүлэх, гэр бүлээ аз жаргалтай амьдруулах, нийгмийн сайн сайхны төлөө эхчүүдийн хүчийг нэгтгэн тэдний дуу хоолой үлгэр дуурайллыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм.


Холбоотой мэдээ