Францын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-10 10:43:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүн ноён Дамиен Ренарыг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, хөгжүүлэх нөөц боломжуудын талаар санал солилцов.


Сенатор Д.Ренар Францын Ажил олгогч эздийн холбоо (МЭДЭФ)-ноос өнгөрсөн сард Парис хотноо зохион байгуулсан уулзалтад оролцсон Францын олон салбарын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байсныг онцолж, Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуй, бизнесийн салбарт дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Франц Улсын Сенатын гишүүн  Д.Ренар нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ололт амжилт, сорилт бэрхшээл болон бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, Францын хөрөнгө оруулалтыг татахад улс төрийн тогтвортой байдал чухал болохыг онцолсон юм.

Холбоотой мэдээ