АХБ-ны тусламжаар Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-10 16:26:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (АХБ)-тай хамтран улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Манай сурвалжлах баг тавдугаар сарын 6-7-нд АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменоор ахлуулсан хэвлэлийн аяны хүрээнд дээрх төслүүдээс Сэлэнгэ аймагт хэрэгжүүлээд дуусах шатандаа орсон болон хэрэгжих шатандаа явж буй таван төслийн үзүүлэлт, үр дүнтэй газар дээр нь танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсан юм.

 

Бид тавдугаар сарын 6-нд “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа Алтанбулаг хилийн боомтод зочилж, холбогдох хил, гаалийн албан тушаалтнууд болон төсөл хариуцсан мэргэжилтнээс төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Тэдний мэдээлснээр, төслийн хүрээнд Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ажил хийнэ. Одоогоор зураг төслийн ажил дууссан бөгөөд энэ онд барилгын ажил эхэлнэ. Оросын Холбооны Улсын Хиагт боомтын өргөтгөлийн төлөвлөгөөтэй нийцүүлэн Алтанбулаг хилийн боомт дахь зорчигчийн болон ачаа тээврийн терминалыг салгах ба ингэснээр боомтын нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэх аж. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийх онцлог ажлыг нэрлэвэл, зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсгийн өргөтгөл, гааль, мэргэжлийн хяналтын лаборатори, агуулах, түргэн муудах барааны үзлэгийн байр, эрэлч нохойн байр зэрэг аж. Алтанбулаг хилийн боомт руу Алтанбулаг сумаар дамжин зорчдог тул хилийн боомтын ачаалал нэмэгдэхийн хэрээр Алтанбулаг сумын иргэдийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөө ихэсдэг байна. Энэ бэрхшээлийг арилгахын тулд Алтанбулаг боомтыг төв замтай шууд холбосон 1.7 км авто зам, 7,000 шоо метер талбай бүхий авто зогсоол барихаар төлөвлөжээ. Мөн түүнчлэн Сүхбаатар хилийн боомтод баригдах хилийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгын ажил энэ онд эхлэх юм. 


Тус хилийн боомтод мөн “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй юм. Дэлхийн Худалдааны Байгууллагын “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах” хэлэлцээрт нийцүүлэн ургамал, малын эрүүл ахуйн тогтолцоог сайжруулах замаар ХАА-н болон хүнсний бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой уг төслийн хүрээнд, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын лаборатори, хилийн боомтын хяналт, хорио цээрийн байгууламж барих, ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо бий болгох, уг шалгалтын тогтолцоог олон улсын стандартад хүргэх ажил хийх аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйлчилгээг цахимжуулах ба ингэснээр үйлчилгээ үзүүлэх хугацааг 25 хувиар, бичиг цаасны хэрэглээг 15 хувиар танана хэмээн тооцоолжээ. Мэргэжлийн хяналтын лабораторид хийх шалгалтыг богино хугацаанд, чанартай хийх зорилгоор орчин үеийн шинэ тоног төхөөрөмж худалдан авах бөгөөд тоног төхөөрөмжийг ашиглах талаар сургалт явуулна. Бидэнд төслүүдийн талаар мэдээлэл өгснийхөө дараа хил, гаалийн албан тушаалтнууд Алтанбулаг боомтыг үзүүлж, боомтын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

 

Аяны хоёр дахь өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил биднийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг болон АХБ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулав. Уулзалтын дараа аяны баг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд шинэчилсэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лаборатори болон ариутгалын төвлөрсөн тасгийн нээлтэд оролцсон. Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон Нэгдсэн эмнэлгийн даргын мэдээлснээр төслийн хүрээнд, аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Тус эмнэлгийн цусны салбар төвийн барилгыг засаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр цус, цусан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүн бэлтгэх технологи шинэ түвшинд гарсан байна. Үүний үр дүнд, цус сэлбэлт аюулгүй болж, цус, цусан бүтээгдэхүүний чанар, хүртээмж, нөөц нэмэгдсэн байна. Нян судлалын лаборатори, ариутгалын тасгуудад засвар шинэчлэл хийж, орчин үеийн өндөр технологийн тоног төхөөрөмжөөр хангаснаар хүчин чадал нь дээшилж, эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдийн халдвар авах эрсдэл буурч, ариутгалын чанар болон эмнэлгийн халдвар хяналт сайжирсан зэрэг олон эерэг үр дагаврууд бий болжээ. Мөн аюултай хог хаягдлыг зохицуулалтыг сайжруулснаар хог хаягдлыг аюулгүй болгосны үндсэн дээр энгийн хог хаягдлын цэгт хаях боломж бүрдсэн. Засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажлууд хийсэн байна.

 

Мөн өдөр аяны баг аймгийн таван төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзан, энэ сард дуусаж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн талаар мэдээлэл авав. Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн уг төслийн хүрээнд, Сэлэнгэ аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг таван төрийн бус байгууллагатай хамтран аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээг хийжээ. Энэхүү дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан аймгийн жендэрийн дэд хөтөлбөрийг батлуулсан байна. Тус төслийн хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2017-2021” болон боловсрол, хот байгуулалт, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал гэсэн дөрвөн салбарт хэрэгжүүлэх жендэрийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө батлагджээ. Мөн 2,300 гаруй төрийн албан хаагчдыг сургалт, семинарт хамруулан, олон улсын бага хурал болон үндэсний эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулсан байна. Түүнчлэн, жендэрийн тэгш бус байдлыг бий болгодог хүмүүсийн хандлага, хэвшмэл ойлголтыг өөрчлөх үүднээс үндэсний болон орон нутгийн хэмжээнд хэвлэл мэдээллийн кампанит ажлуудыг зохион байгуулжээ. 


Харин жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр болох гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн талаар төсөл хариуцсан мэргэжилтнээс дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Уг төсөл нь энэ оны хоёрдугаар сард эхэлсэн ба төслийн хүрээнд таван түр хамгаалах байр барих бөгөөд төсөл хэрэгжих 5 аймаг, дүүргүүд дэх гэр бүлийн хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүдэд сэтгэл зүй, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, санхүү, бизнесийн сургалтуудад хамруулах аж. Мөн хамтарсан багуудын ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага авч, хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг 107 дугаарын үйлчилгээг өргөжүүлэхээс гадна гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйл өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгааны туршилтын ажлуудыг өсвөр насныхны дунд зохион байгуулах аж.

М.Анударь

Холбоотой мэдээ