Улаанбурхан, улаанууд өвчнөөс хамгаалах вакцин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-13 15:00:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлж байгаа  577 мянган хүн/тун вакциныг хүлээн авах ёслол ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад өнөөдөр боллоо.


Нийтдээ 500 мянган ам.долларын үнэ бүхий вакцин, тариур, аюулгүй хайрцаг гэх мэт зүйлсийг хүлээн авах баримт бичигт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурав.

Уг вакцинаар “Улаанбурханд цэг тавья” уриан дор энэ сарын 15-25-нд улсын хэмжээнд зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын үеэр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдийг дархлаажуулах юм.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагаа 50 гаруй жилийн баялаг түүхтэй бөгөөд дархлаажуулалтын чанартай үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх, товлолын дархлаажуулалтад ДЭМБ-ын шаардлагад нийцсэн чанартай вакциныг хямд үнээр худалдан авах, вакцин биобэлдмэлийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ дурдаад улаанбурхан өвчний дэгдэлтийн болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед шаардлагатай вакцин, тариур, аюулгүй хайрцгийг нийлүүлж байгаад талархал дэвшүүлэн, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ