Б.Алтанцэцэг: Хэрэглэгчийн итгэлийн индекс өөдрөг байх тусам эдийн засаг өсөж байдаг

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-13 16:16:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өрхийн хэрэглээ, худалдан авах байдлын үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад үл хөдлөх хөрөнгө дээр буурч аялал жуулчлалаар явах, автомашин худалдан авах нь энэ жил өссөн хэвээр байх нь.

Энэ нь “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ээр харагдаж буйг “Эн-Ар-Си-Си” ХХК-ийн судлаач Б.Алтанцэцэг, Б.Соёлмаа нар өнөөдөр Монголбанканд танилцуулсан юм.

Манай улс сүүлийн 10 жил судалж буй “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ээр иргэд улс орны эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийнх нь санхүүгийн талаар сонирхож, ямар санаа бодолтой байдгийг хэмждэг юм. Тодруулж хэлбэл, эдийн засгийн өнөөгийн байдал болон ойрын ирээдүйг хэрэглэгчид хэрхэн өөдрөгөөр төсөөлж байгааг тодорхойлдог.

Жишээ нь, үнэ ханшны хүлээлт дээр энэ оны эхний улирлын индексээр иргэд ирэх жилийн инфляцийн түвшинг 4.4 хувь байна гэжээ. Улаанбаатар хотынх 4.5, орон нутагт 4.2 хувь гэсэн байна. Орон сууцны үнийг ирэх нэг жилд өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлттэй байна. Хэрэглэгчдийн дунд мөн зээлийн хүү өөрчлөгдөхгүй гэсэн нь хамгийн олон буюу 40.8 хувь нь байна. Харин 36.5 хувь нь ирэх 6 сарын хугацаанд ам.долларын ханш нэмэгдэнэ гэж үзэж, дунджаар 2655.4 төгрөг байх хүлээлттэй байна. Иргэдийн худалдан авалтын төлвийг сонирхвол, дээр дурдсанаар үл хөдлөх хөрөнгийнх 3.9 хувиар буурсан бол томоохон эд хогшил, цахилгаан барааны худалдан авалт 1.3, аялал жуулчлалд зарцуулах нь 5.8, автомашиных 1.1 пунктээр тус тус нэмэгдсэн байна.

Танилцуулгын үеэр эдийн засагч, судлаач Б.Алтанцэцэг, “Хэрэглэгч иргэдийн итгэлийн индекс өөдрөг байх тусам эдийн засаг өсөж байдаг” гэсэн сонирхолтой мэдээллийг өгсөн юм. Учир нь бизнесийн ажиллагаа, ашиг орлого нь зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаардаг гэдэг утгаар хэрэглэгчид эдийн засаг, санхүүдээ хэр өөдрөг байх нь хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үр ашиг хүртэж байдаг хэмээн тодотгосон юм.

Б.Болд

Холбоотой мэдээ