Шилдэг малчид, тариаланчид туршлага судлахаар Япон орныг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-13 23:44:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг шилдэг газар тариалан эрхлэгч, малчдаа Япон улс руу туршлага судлуулахаар явууллаа.

Тус аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөр нь салбартаа амжилттай ажиллаж байгаа төрийн алба хаагч, иргэдийн төлөөллийг гадаадын аль нэг оронд туршлага судлуулж эргээд орон нутагт нь ажиллуулдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрх малчид, тариаланчдын төлөөллийг гуравдагч орон руу туршлага судлуулах зорилгоор явууллаа. 

Өмнөговь аймаг цаашид 15 суманд газар тариаланг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Тухайлбал хөрс усны нөхцөлөөс хамааран жимс жимсгэнэ ургах сумдад жимс жимсгэнэ тариалах бол төмс хүнсний ногоо зонхилон ургах хөрсөнд түүнийг тариалж газар тариаланг хөгжүүлэх юм. Улмаар нийт хэрэглэгчдийн хүнсний ногооны хэрэглээний 50-аас доошгүй хувийг орон нутагт тариалдаг болохыг зорьж байна.

Холбоотой мэдээ