МУГЖ В.Оросоогийн 80 насны ойн хүндэтгэлийн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-14 15:49:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин В.Оросоогийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Алтан үеийн аялгуу”  хүндэтгэлийн тоглолт энэ сарын 17-нд болно. Алтан үеийн дуучин гэгдэх В.Оросоогийн хүндэтгэлийн тоглолтын талаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач  Ч.Буянхишиг, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин  У.Далантай, С.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин  Л.Баяр-Эрдэнэ нар мэдээлэв.

1960, 1970-аад оны нийтийн дууны ноён оргил В.Оросоо агсны уран бүтээлээс сэргээн дуулж буй Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг “Монголын алтан үеийн “алтан” хоолойт дуучин бол В.Оросоо яах аргагүй мөн. Анх намайг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад дуучин болоход манай ахмадууд “Манай В.Оросоо гавьяатын залгамж халаа гарч ирлээ” гэж байсан. Миний хувьд, энэ сайхан уран бүтээлчийн дууг дуулж яваадаа баяртай байдаг. Миний анхны тоглолт 2008 онд “Миний Улаанбаатар” нэртэйгээр Монгол Бөхийн өргөөнд болсон. Ард түмэн маань ч сайхан хүлээж авсан“ гэж ярив.

Залуу дуучин Л.Баяр-Эрдэнэ “Бидний хүүхэд байхдаа сонсож өссөн нийтийн дууны ноён оргилуудын нэг В.Оросоо гавьяатын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд, үр хүүхдүүд нь олон сайхан ажил зохиохоор төлөвлөсний нэг нь “Алтан үеийн аялгуу 2” хос цомог юм. Уг хос цомгийн эхнийхэд өөрийнх нь дуулсан уран бүтээл багтсан бол, хоёр дахь цомогт түүний дууг бусад уран бүтээлч дуулсан нь багтсан. Эхний цомог нь одоогоос 20 жилийн өмнө 60 ойд нь зориулан гаргаж байсан” гэв. В.Оросоо агсны хүндэтгэлийн тоглолтод түүний төрсөн нутаг Архангай аймгийн Цахир, Тариат  сумынхан, хамт ажиллаж байсан УАДБЧ болон улсын филармонийн хамт олон оролцоно.


Холбоотой мэдээ