“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-14 14:01:18

Увс /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы GFA компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” байгуулж, энэ сарын 13-нд нээлтээ хийлээ.   

Тус төв нь ажилгүй болон бизнесээ эхлэх гэж байгаа залуучууд бизнес төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл солилцох, тэдэнд шинэ бизнесийн гараа эхлэх боломжийг нээж өгөх зорилготой юм. Мөн ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажил олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажил хайгчийн бүлгийн сургалт үйл ажиллагаанд хамруулах замаар тэдний ур чадварыг хөгжүүлэн, гарааны бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх юм байна. Үүнээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бүлгийн сургалт зохион байгуулах, ажлын ярилцлагад хэрхэн бэлдэх, гарааны бизнесээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө өгөх, ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажил хайгч иргэдтэй ажлын ярилцлага хийж шууд ажлын байраар хангах, ганцаарчилсан зөвлөгөө өгөх тусгай өрөөгөөр дамжуулан зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг тус тус үзүүлэх аж. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

Холбоотой мэдээ