УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын компанид ЖДҮХС-гаас зээл олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-14 13:23:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл олгох журмыг ХХААХҮЯ-наас шинэчлэн боловсруулж, баталжээ.


Шинэ журам ЖДҮХС-гийн зээл олгох ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй болгоход чиглэсэн гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв. Уг журамд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийн дарга, аймаг, нийслэл, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хувьцаа эзэмшдэг компанид зээл олгохгүй гэсэн тодорхой заалт тусгасан байна. Мөн ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр зээл олгодог байсныг өөрчлөн, ЖДҮХС-гийн Зээлийн хороо шийдвэрлэдэг байх зохицуулалт тусгажээ. Зээлийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дөрөв нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго бүхий ТББ, мэргэжлийн холбоодод ажиллаж байсан, туршлагатай хүн байх аж.


Түүнчлэн журамд доорх хэд хэдэн заалт тусгасан байна.

Үүнд:

-Хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.

-Зээлийн муу түүхтэй, зээлийн үлдэгдэлтэй жижиг, дунд үйлдвэрт зээл олгохгүй.

-ЖДҮХС-аас шууд зээл олгож байгаа тохиолдолд даатгалд заавал хамруулна.

-ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авна. Орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгоно.


Монгол Улсын 2019 оны төсөвт ЖДҮХС-гийн зээлийн санхүүжилтэд 47 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт, үлдсэнийг нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор ХХААХҮ-ийн сайдын тушаал гарчээ. Тус сангаас зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг энэ сарын 27-ноос ирэх сарын 10-нд ХХААХҮЯ болон аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт хүлээн авах юм.

Холбоотой мэдээ