Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 хүүхдэд сүрьеэ өвчний халдвар илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-14 18:04:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн, ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуулийн 529 хүүхдэд сүрьеэ өвчний халдвар илэрчээ. Тус сургуулийн биеийн тамирын багш 2017 онд сүрьеэгээр өвдсөнөөс хойш халдвар дамжсан хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа аж.


Нийслэлийн Боловсролын газар уг багшийг чөлөөлсөн ч, ХӨСҮТ-ийн эмч  багшийг бүрэн эдгэрсэн "эрүүл" гэх бичиг гаргаж өгснөөр ажилд нь буцаан авчээ. Уг сургууль 1710 сурагч, 100 гаруй багш ажилтантай аж.


Энэ талаар сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэгээс тодруулахад, “2017 оноос хойш манай сургуульд сүрьеэ өвчний халдвар илэрсэн тул Хан-Уул дүүргийн сүрьеэгийн диспансер, ХӨСҮТ-тэй хамтран багш, сурагчдыг тогтмол үзлэгт хамруулж байна. Өмнө нь сорил, цээжний зураг авдаг байсан ч тухайн үед бидэнд тодорхой мэдээлэл өгдөггүй байсан. Харин  энэ жил сүүлийн үзлэгээр 529 хүүхэд сурьеэгийн халдвар авсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан. Манай сургууль 2016 онд бүх багш, ажилчнаа шинжилгээнд хамруулсан. Тэгэхэд сүрьеэ өвчтэй гэж байсан багш ХӨСҮТ-өөс “эрүүл” гэсэн бичиг авчирсан. Гэтэл 2017 оны гуравдугаар сард нэгэн эцэг эх “Танай сургуулийн багш сүрьеэгийн халдвартай, эмчлүүлж байгаа” гэж гомдол гаргасан. Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг манай сургуульд ажиллаж, сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг  хийх болсон юм. Харин нөгөө багшид сүрьеэгийн эм уулгаж, “эрүүл” гэж бичиг хийж өгсөн эмнэлгийн байгууллагад гомдож байна. Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллага намайг 4 сая 500 мянган төгрөгөөр торгосон. Би шүүхэд хандахад, ХӨСҮТ-ийн даргаас надад “Эмчийг цалингийн хувиар торгосон” гэсэн албан бичиг ирүүлсэн" гэж ярив.



Харин эцэг, эхийн төлөөлөл, “Хүүхдүүдээс гуравдугаар сард авсан шинжилгээгээр 500 гаруй хүүхэд сүрьеэ өвчтэй гэж гарсан. Тэгээд хүүхдэд 6 сар эм уулга гэсэн. Тиймээс дахин бүх хүүхдийг шинжилгээнд хамруулах, сурагчдыг амраах, сургуульд ариутгал, цэвэрлэгээ хийж халдваргүйжүүлэх, хөл хорио тавих шаардлагатай байна” гэсэн байр суурьтай байлаа.

 

 Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ