Хүний буруутай үйл ажиллагаа Буянт голын усны түвшинг багасгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-15 15:12:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс  3-4 км зайд  дуунд мөнхөрч, хөшөө нь сүндэрлэсэн “Буянт гол” бий.

Буянт гол нь Монгол Алтайн нурууд, Хөх Сэрхийн нурууны мөнх цас мөсөн голуудаас  эх аван урсдаг бөгөөд жил бүр голын усны түвшин багасаж, бохирдол нэмэгдэж  байгаа юм.  

Тус голын хувьд өндөр уулын хөндийгөөр 171,8 км урсахдаа олон саад бэрхшээлийг туулж, зарим ай сав тасарсан тохиолдол гараад байна гэж судлаачид тогтоожээ.

Буянт голын усны нөөц горим, бохирдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь хүний буруутай үйл ажиллагаа, ахуйн хог хаягдал юм.

Аймгийн төвийн айл өрхүүд  зуны улиралд  Буянт голын хөвөөнд зуншдаг. Одоогийн байдлаар тус гол дагуу буюу  Бугат үзүүрээс Оцон чулуу  хэмээх  газар  хүртэл  1000 орчим айл өрх зусланд гарсан байна.

Өмнөх жилтэй харьцуулахад зуслангийн айлууд нэг дахин нэмэгджээ. Энэ нь Буянт гол бохирдох гол нөхцөл бүрдүүлж байна. Иймд иргэдэд ахуйн хэрэглээний хог хаягдлаа цэвэрлэх, ойр орчмын хогоо зуслангаас нүүхдээ шуудайлан авч хогийн цэгт хүргэх, голын усанд хир буртгаа угаахгүй байж хэвших, буусан бууриа цэвэрлээд нүүхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Мөн Хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс Буянт голоо аваръя, хамгаалья, хайрлая гэж уриалав.

Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Мөнхцаст хайрхануудын цас, мөсний зузаан жилд дунджаар 5 метрээр доошилж  байгаа гэж Хар нуур Ховд голын сав газрын захиргаанаас мэдээллээ.   

Холбоотой мэдээ