Х.Ганбаатар: Монгол, Вьетнамын гадаад худалдааг 70 сая ам.долларт хүргэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-15 13:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын гадаад худалдааны эргэлтийг 2020 онд 70 сая ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг давуулан биелүүлэх боломжийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар өнөөдөр болсон “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулав.


Энэхүү хурлыг Монгол, БНСВУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг угтан Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.


1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улс БНСВУ-тай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль эрхзүйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирснийг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид онцолж байв. Үүнээс хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа хамгийн олон жилийн түүхтэй бөгөөд одоо ч эрчимтэй хөгжиж буй юм. Тодруулбал, 1955-1975 онд болсон социалист улс орнуудаар дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ тэргүүтэй капиталист орнуудын дэмжлэг авсан Өмнөд Вьетнам байлдсан. Тухайн үед Монгол Улс социалист Вьетнамыг дэмжиж, 200 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож байжээ. Харин Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа буюу 1993 онд Вьетнам улсаас 200 мянган ам.долларын хүнсний тусламж илгээснийг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Цэрэнлхам илтгэлдээ дурдсан юм.


Хоёр орны хамтын ажиллагаанд хамгийн сул хөгжиж буй нь худалдаа, эдийн засгийн салбар юм. Энэхүү салбарыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүн шууд нислэгтэй болох шаардлагатай гэдгийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар дурдлаа.


Тэрбээр, “2013 оноос өмнө Монгол Улс БНСВУ-аас цагаан самар, хатаасан жимс, давсалсан ногоо импортоор авдаг байсан. Харин 2013-2018 онд импортын бүтээгдэхүүний нэр төрөл цагаан будаа, угаалгын нунтаг, гоо сайхны бараагаар өргөжсөн юм. Гэсэн хэдий ч Монгол, БНСВУ 2018 онд 60 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн нь хангалтгүй үзүүлэлт. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зөвхөн хувийн хэвшлийн байгууллагууд ажиллах хангалтгүй. Үүнд төр, засгийн дэмжлэг хэрэгтэй. 2016 онд БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад айлчилсан. Энэ үеэрээ БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад мах, арьс, шир боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, эмийн ургамал тарих чиглэлд хамтран ажиллах санал тавьж байсан юм. Үүнийг одоо ажил хэрэг болгох хэрэгтэй. Мөн үеэр БНСВУ-ын нислэгийн компани Монгол Улс руу шууд нислэг үйлдэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Тэгэхээр хоёр орны төрийн байгууллагууд шууд нислэгийн шугам нээхэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр далайн гаралтай бүтээгдэхүүнээс эхлээд түргэн мууддаг бүтээгдэхүүнийг шуурхай авах боломж бүрдэнэ. Цаашдаа БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх шаардлагыг хангах, татвар төлөхөөс эхлээд асуудлуудыг бүрэн шийдэх юм. Монгол, БНСВУ-ын Засгийн газраас хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 70 сая ам.долларт хүргэх зорин ажиллаж байгаа. Хэрэв шууд нислэгтэй бол энэ зорилтыг давуулан биелүүлэх ч боломжтой” гэв.

Холбоотой мэдээ