"Улаан бурхан өвчинд цэг тавья" дархлаажуулалтын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-16 10:40:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Улаан бурхан өвчинд цэг тавья" уриан дор дархлаажуулалтын 10 хоногийн аян Баянхонгорт нээлтээ хийлээ. Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын аян өнөөдөр "Номундалай" цогцолбор сургуулиас эхэлж байна.
5-18 насны хүүхдүүд харьяа сургууль, цэцэрлэгтээ ийнхүү дархлаажуулалтад хамрагдах бол мөн насны бусад хүүхэд сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ хамрагдах боломжтой.
НҮБ-ын Хүүхдийн сангаас улсын хэмжээнд 577 мянган хүн тун вакциныг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү вакцинаар энэ сарын 15-25-нд улсын хэмжээнд зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын үеэр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдийг дархлаажуулах аж.
Сонирхуулахад, Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой юм.
Дархлаажуулалтад хамрагдсанаар вакцины үр дүнд 90 хувьд нь дархлаа тогтоож, 20 ба түүнээс дээш жил хадгалагддаг аж.
Холбоотой мэдээ