УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-16 10:35:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны хуралдаан 10.16 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл багтжээ. Мөн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай, Өмгөөллийн тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Зөвшөөрлийн тухай, Автотээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонсч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Энэ үеэр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "УИХ-ын ажилтай холбоотой санал байна. Цахим бодлогын түр хороо нэг удаа хуралдаж, хурлын төлөвлөгөөгөө баталсан. Түүнээс хойш гишүүд хуралд оролцохгүй байна. Өчигдөр л гэхэд долоон гишүүн цуглаад бусад гишүүдээ зургаан цаг хүлээсэн. Төрийн байгууллагын 10 гаруй хүн ирж гишүүдийг хүлээж ажлаа алддаг. Энэхүү түр хорооны гишүүдийг цөөлөх саналтай байна" гэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "УИХ-ын ирц өнгөрсөн 12 дугаар сараас хойш хангалтгүй болсон. Аюулгүй байдлын байнгын хороо ирц хүрэхгүй байсаар тарсан. Тиймээс ажлын багт орчихоод хуралдаа ирдэггүй хүмүүс ажилдаа харицлагатай хандах хэрэгтэй байна. Ажлын багт орсон Төрийн байгууллагын албан тушаалтнууд ирж ажлаа алдаад байна" гэв. Мөн тэрээр, Гал түймэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг яаралтай чуулганаар сонсохыг хүсэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар, Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг тус хороо хуралдаж, хэлэлцээд ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд үүрэг болгов. Мөн Б.Бат-Эрдэнийн тавьсан асуулга өнгөрсөн сарын 24-нд гарсан, Засгийн газраас сарын дотор хариу өгөх ёстой гэдгийг онцлоод, хариу ирэх хугацаа болоогүй гэдгийг хэллээ.


УИХ-ын гишүүн М.Билэгт, Махны үнэ экспорт нэмэгдсэнээс өсөж байгааг хэлээд, хилээр гаргах махны квот тогтоох хэрэгтэйг хэлэв.


УИХ-ын гишүүн Л.Болд, Засгийн газрын 2020 оны үндсэн чиглэлэийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулах санал гаргав. Мөн залгуулан Хүний эрхийн 18 дугаар илтгэлийг хэлэлцэхийг хүсэв. Үүнд холбогдох яам, тамгын газрууд оролцуулах хэрэгтэй гэлээ.   Хүний эрхийн талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцэх асуудлын эхэнд сонсох горимын саналаар санал хураасан ч гишүүд дэмжсэнгүй.


УИХ-ын гишүүн Н.Учрал, "Түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ. Үүнд хэрхэн бэлтгэж байгааг сонсох хэрэгтэй байна. Сонгинохайрхан дүүргийн сонгогчид маань сайжруулсан түлшний цэг байгуулагдаж дуусаагүй, үнэтэй байна гэх санал хэлж байна. Даарахгүйн тулд нүүрс түлж, 300 мянган төгрөгөөр торгуулдаг энэ асуудал байж болохгүй. АНУ-ын оюутан багш нартай хамтраад "Зөв гэр" хөтөлбөр хэрэгжүүлээд "Гэр хаус" барьж туршсан. Шалны халаалттай "канад хаус" шиг гэр технологийн патентийг авчихсан. Та бүхэнд патентийг нээлттэй өгж болно. Та бүхнийг тэрхүү гэрийг очиж үзэхийг хүсэж байна" гэлээ.

Холбоотой мэдээ