ГОВЬ-АЛТАЙ: Галданбошигт хааны хэрэглэж байсан эмээл ховор үзмэрт тооцогддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-25 16:52:29

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Жангар” музейд Галданбошигт хааны хэрэглэж байсан 17 дугаар зууны үеийн эмээл хадгалагдан ховор нандин үзмэрт тооцогддог.


Энэхүү эмээлийг "1956 онд Шарга сумын Цагааннуур орчмоор нутаглаж байсан хөгшин Галданбошигт хаанаас үе удам дамжуулан хэрэглэж байгаад орон нутгийн музейдээ өглөө" гэсэн мэдээлэл баримт бичигт бичигдсэн байдаг.


Эмээл нь монгол гутлын дүрслэлтэй ба урд бүүрэг нь хоншоорыг, хойд бүүрэг нь гутлын оймсны хярыг дүрсэлжээ. Харин хийцийн хувьд эмээлийн бүүргийн эмжээр буюу хярыг мөнгөөр цутган, түүний урагш, хойш харсан талуудыг алтаар шарж, дэвсэг дээр нь усан долгион хээг шаглан оёжээ. Энэ нь усны давалгаа, усны амьтан болох загасыг дүрсэлсэн нь тус аймгийн Шарга сумын нутагт "далай" байсантай холбоотой гэх домог яриа ч бий. Энэхүү эмээл нь тус музейн ховорт тооцогддог үзмэр юм. 


Говь-Алтай аймгийн “Жангар” музей 1947 онд Орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж, 1967 оноос Музей болон өргөжжээ. 


Говь-Алтай аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундаж шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Тус аймгийн Орон нутгийг судлах музей нийт 2500 орчим үзмэртэй. Байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн танхимд 1600 шахам соёлын үнэт үзмэрийг дэлгэн сурталчилдаг юм. 


МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх, Галданбошигт хааны хэрэглэж байсан XVII зууны үеийн эмээл, МЭӨ VII-III зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы барс бариултай мөнгөн тамга, сийлбэрч О.Сандагийн урласан “Зааны ясан шатар” зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал олон бий.

Холбоотой мэдээ